Улсын наадамд бөхчүүд "барилдахгүй нь"

Төрийн ордонд суудаг бөхийн хоёр аварга саяхан дараалан мэдээлэл хийсэн. Улсын наадам дөхсөн энэ өдрүүдэд даанч урам хугармаар үг хэлцгээж байна. Ерөнхийдөө Монголын үндэсний бөхийн холбооны хагарал нь эвлэхгүй явсаар наадам тулгаж байгааг хүлээн зөвшөөрөв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат “Улсын наадам эмх замбараагүй болох, гол бөхчүүд барилдахгүй байх байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх байдалтай болж байгаа шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод авдаг цолоо аваад явах байлгүй дээ” гэв.

Үүнээс харахад улсын их баяр наадам маань хоёр холбооны тэмцээн болоод өнгөрөх юм биш байгаа. “Тэр аймгийн арслан хэн нөгөө холбооны бөх болохоо тавын даваанд авч унагая” гэх мэтээр яриад сууж байвал гайхах юм алга. Улсын наадамд бөхчүүд "барилдахгүй нь" хэмээн хэлсэний утга учир нь энэ. Барилдана, барилдаанч байна гэдэг нь шар өөр зүйл шүү дээ.

Бүр сүүлдээ бөхөд дуртай олон түмнээ мөнгө, найраатай холбоотой асуудлаар гонсойлгодог нь багадаад барилдааныг хүртэл бойкотлоно гэж яриад сууж байгаа бол дэндүү жудаггүй явдал шүү. Ер нь нэгнээ хэмлээд байгаа энэ хоёр аварга өнөөдөр улс төрд орсон, өдий зэрэгтэй яваа нь үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээний буян. Түүнээс эзэмшсэн боловсрол, мэдлэг чадварыг нь харж сонгосон гэхэд эргэлзээтэй шүү дээ. Тиймээс түмнийхээ хайрыг дааж, цэнгэл наадам дөхсөн энэ үед олны сэтгэлд бүү сэв хий Аваргуудаа!

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ