“Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагаа болно

Чойжин ламын сүм музей ирэх долоодугаар сарын 4, 5-ны өдөр 20:30-00:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдэд “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Шөнийн музейд ирснээр “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулах юм байна. Одоогоор тасалбарын үнэ тогтоогүй байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Тус музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” үйл ажиллагааг “Хөсөгтөн хамтлаг”, “Морин хуурын чуулга”, “Улаанбаатар чуулга” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ