Шалгалтаасаа хоцорсон сурагчид "эвий, эвий"

Хэдхэн хоногийн өмнө яармагийн гүүрэн дээр гарсан ослын улмаас элсэлтийн ерөнхий шалгалтаасаа хоцорсон сурагчдын асуудал шийдэгдээгүй байтал зохион байгуулалтаас болж олон сурагч химийн шалгалтаасаа хоцорсон байна.

Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалт тав хоног үргэлжилж орос хэл, химийн хичээлийн шалгалтаар энэ сарын 20-нд өндөрлөсөн. Химийн хичээлийн шалгалтын хувьд улсын хэмжээнд 8000 орчим хүүхэд өгөхөөр бүртгүүлж ихэнх хүүхэд цагийн хуваарийн дагуу хамрагджээ.

Шалгалтандаа ирээгүй 100 орчим хүүхдээс хуваарийн зөрүүнээс болж хоцорсон гэх шалтгаантай 17 орчим хүүхдийн асуудал байгааг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлж буй.

Энэ тухай элсэлтийн ерөнхий шалгалтаасаа хоцорсон сурагч Д.Болор "Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг дөнгөж гарахад нь буюу дөрөвдүгээр сард татаж авсан. Энэ хуваарийг өөрчлөгдөнө гэж огт бодоогүй. Өмнө нь гурван шалгалт өгсөн хуваарь нь бүгд таарч байсан учраас зөрнө гэж бодоогүй.

Миний хувьд анагаах ухааны их сургуульд орохын тулд хими, биологийн шалгалтыг өгөхөөр бэлдсэн. Англи хэлийг бол туршилтаар өгсөн. Багш нарангли хэл, биологийн хичээлээр МУИС-д орох боломжтой гэсэн ч АШУҮИС-д орохын тулд илүү цагаар хими, биологийн хичээл судалж байсан. Сүүлийн нэг сард үнэхээр их хичээсэн. Гэвч зөвхөн шалгалтын цагийн хуваарийн алдаанаас болжхохирчихоод байгаадаа гомдолтой байна.

Нэг жил хүлээнэ гэдэг бол маш хайран цаг хугацаа. Манай ангиас хоцорсон хүүхэд байхгүй ч ихэнх нь өглөө 07:30 цагийн үед нь “Маргааш шалгалт хэдээс вэ” гэж бичсэн асуултнаас мэдсэн гэсэн. Ангийн багш өмнөх оройн ангид сууж байсан хүүхдүүдэд 09:00 цагаас гэдгийг хэлсэн байсан ч ангийхандаа хэлээрэй гэж бол хэлээгүй байх" гэлээ.

Харин Боловсролын үнэлгээний төвөөс "Шалгалтын хуваарийг анх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өөрийн албан ёсны цахим хаягаарааолон нийтэд мэдээллэсэн. Үүнээс хойш нэг ч засвар ороогүй. Элсэгчдэд зориулсан сонин болон жижиг тараах материалыг сургуулиар дамжуулан тараасан. Шалгалтаас хоцорсон 17 орчим хүүхдийн асуудлыг элсэлтийн ерөнхий шалгалтыг жилдээ нэг удаа авна гэсэн дүрмийн дагуу шийдвэрлэнэ" гэв.

Ямартай ч олон эцэг, эх, сурагчид энэхүү зөрүүтэй мэдээлэлд гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа юм. Асуудал одоогоор хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ч шалгалт авч байгаа болон өгч байгаа хэн хэн нь маш хариуцлагатай хандах ёстой баймаар..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ