МХЕГ: Паркийн зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.

Он гарсаар өргөх механизмтай холбоотой 4 осол гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж. 2006 онд энэ төрлийн 26, 2008 онд 35, 2018 оны эхний хагас жилд 4 осол гарсан байна.

Нарны хороололд гарсан ослын улмаас 2 хүн, Саруул хороололд гарсан ослын улмаас нэг хүн гэмтсэн, Дэлгэрэх хотхонд гарсан ослын улмаас кран гурван машин дээр унасан, ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоом хугарсан зэрэг осол гарсан байна.

Мэдээлэлд дурдаж буйгаар нийслэлд ашиглаж буй өргөгч лифтний

  • 28 хувь нь 16-аас дээш,
  • 14 хувь нь 11-14 жил,
  • 20 хувь нь 6-10 жил,
  • 36 хувь нь 0-5 жилийн насжилттай байгаа аж.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд тавдугаар сарын 21-нд ҮСАХ-д хяналт шалгалт хийж, Сансрын хөлөг тоглоом дээр зөвлөмж хүргүүлсэн байна. Гэвч тоглоом зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул осол гарсан гэдгийг НХМГ-аас мэдээлж байна.

Гарч буй ослуудын хувьд аж ахуйн нэгжүүд хяналт тавьдаггүй, сэргээн засварладаггүй зэрэг зөрчил илэрдэг гэв.

Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байна. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ