МУИС-ийн 73 дахь төгсөлтийн эрдмийн баяр боллоо

Өнөөдөр МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр боллоо. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийг Докторын зэрэгтэй 13, Магистрын зэрэгтэй 323, Бакалаврын зэрэгтэй 1990, нийт 2235 оюутны төлөөлөл шилдэг 100 төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан байна. Мөн “МУИС-Хакатон 2018” оюутны шилдэг санаа, санаачилгыг шалгаруулах шилдэг төслийн уралдааны шагнал гардуулах ёслол болж ялагчдад төслийн санхүүжилтийг гардууллаа.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд болон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг хүндэт зочид оролцжээ.

muis

Энэ үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ “МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, амьдралын хатуу ч гэлээ амттай амьдрал руу үдэн гаргадаг үдэлтийн баяр ч гэлээ эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн ташуур өгөн мордуулж буй бахархлын баяр” хэмээн тэмдэглэв.

Мөн “Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой” гээд нийт төгсөгчдөдөө амжилт хүссэн юм.

Ардын уран зохиолч Т.Галсан “МУИС бол эрдэм ном, хүнлэг чанар, авьяас билгийг бүтээдэг оюуны их уурхай юм. Төгсөгч та бүхэн онолын мэдлэгийг сургуулиасаа авлаа. Одоо амьдралын их сургуульд алхан орж практик мэдлэгийг олж аван хос жигүүртэй холч бүргэд адил болоорой” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ