Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл биелэлээ "олсон" 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улстөрд
“93106060 утсанд хандаж 60 тэрбумын талаар мэдээлэл өгөөрэй”
АТГ-аас "60 тэрбумын" хэргийг 2017 онд шалгаж, хаасан талаар албан бичгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд ирүүлжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “1750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад хэн ч авилга өгч ажилд орсон гэж мэдүүлээгүй байна.
Нээлттэй сонсголын тухай хуулийн дагуу бичлэг дээр байгаа нэр бүхий гурван хүн, гэрч н.Доржзодов нар болон бусад холбогдох талыг оролцуулан нээлттэй сонсгол явуулахыг уриалж байна. Хэн нэгэн хүн албан тушаалд томилогдохдоо авлига өгсөн нь тогтоогдвол энэ хэргийг дахин сэргээх боломжтой. Тиймээс 93106060 утсанд хандаж энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч ээ гэж хүсмээр байна” гэв.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэхээр болов
“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын баасан гарагийн хуралдаанаар оруулж, хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг асуудлыг хэлэлцэхийг гишүүдийн 74.4 хувь дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гаргаж танилцуулсан эдийн засгийн тооцоо судалгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд авто зам, төмөр зам гэх мэт хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эхлүүлэх, шууд 30 хувьд нь IPO гаргах боломжгүй, эхлээд 5-10 хувь гэх мэтчилэн алтернатив хувилбар гарган туршиж үзэж байж, дараа нь 30 хувь болгох замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Д.Муратад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Ийнхүү "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжсэн.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас прокуророос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирвэл, байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм.
Нийгэмд
"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ" гэв
Монголын худалдаачдын холбооноос тэдэнд тулгамдаж буй төрийн болон өрийн дарамт, өдрийн зээлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа "Их хурлыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ. Худалдаа үйлчилгээ эрхлэх нь зөв амьдрахыг хүссэний илэрхийлэл мөн. Бид эх орондоо ядууралгүй, эрүүл энх амьдрахыг хүсч байна. Бидний хүслийг төрөөс дэмжиж, хамтран ажиллахын оронд амьдралд нийцээгүй хууль, стандарт гэгч худалдаачдын сонирхлыг харгалзахгүйгээр тогтоож, түүнийгээ мөрдүүлэхээр олон шат дамжлага бүхий хүнд суртлыг бий болгож, авлига хээл хахууль, торгууль, шийтгэл гэх нийгмийн сөрөг мэдэгдэлд шантарч байна.
11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад амиа алдав
Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбай дээр 10-11 насны таван хүүхэд тоглож байсан. Тэдний хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг асуудлаар холбогдох яамнаас ажлын хэсэг гарч ажиллан, 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ийнхүү түүнд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна.
Хоёр аварга харилцан мэдэгдэл хийв
Төрийн ордонд суудаг бөхийн хоёр аварга энэ долоо хоногт дараалан мэдээлэл хийсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат “Улсын наадам эмх замбараагүй болох, гол бөхчүүд барилдахгүй байх байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх байдалтай болж байгаа шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод авдаг цолоо аваад явах байлгүй дээ” гэв.
Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүлэв
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.
Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэх юм.
Дэлхийд
АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав
АНУ, Өмнөд Солонгос хамтарч Солонгосын хойгт хийдэг цэргийн сургуулилтаа хойшлуулахаар тохиролцсоныг Ёнхап агентлаг уламжилжээ. Энэ нь Ulchi Freedom Guardian (UFG) сургуулилтыг хэлж байгаа юм. Уг сургуулилт наймдугаар сард болох ёстой байсан юм. Ийнхүү Өмнөд Солонгос, АНУ нягт хамтран ажилласнаар энэ сургуулилтыг төлөвлөх бүхий л арга хэмжээг хойшлуулахаар шийдвэрлэснийг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?
"Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах ажилд 500 сая хүрэхгүй ам.доллар зарцуулсан" гэж тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин ярьсныг РИА Новости агентлаг уламжилжээ. Энэ нь түүхэн дэхь хөлбөмбөгийн хамгийн өртөг ихтэй ДАШТ болж байна гэсэн мэдээллийг зохион байгуулах хорооны тэргүүн няцаасан байна.
Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараа сард Европт айлчлах үеэрээ Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна.
Долоодугаар сарын 11-12-нд Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө, эсвэл долоодугаар сарын 13-нд Трампыг Их Британид айлчилсны дараа уулзах хоёр хувилбар байгааг дурдаж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ