Нөхөн сонгуульд 23 мянга 477 сонгогч санал өгнө
Cонгуулийн тухай хуулийн 20.1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт өнөөдөр07.00 цагт эхэллээ.
Хуулийн дагуу өмнө ньсонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон тоо гарсан тул нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулдаг. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа юм.
Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23 мянга 477 сонгогч санал өгөх гэнэ. Санал хураалт 22.00 цагт дуусна. Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулж байгаа бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ