"Мансууруулах бодисыг янз бүрийн амьдралтай хүмүүс хэрэглэж байна"

Дэлхийд жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг Мансууруулах эм, сэтгэц идэвхт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.

Монгол Улсад энэхүү өдрийг тохиолдуулан Донтох эмгэгийг эмчилдэг олон улсын жишээн дээр хийсэн, эмчилгээнд ашиглагдах стандартыг хүлээн авч байна. Мөн мансууруулах бодисын хэрэглээ, түүний сөрөг үр дагаврын талаар ойлголт өгөх зорилгоор СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ нар хамтарч “Амьдралын өнгө” нэртэй богино хэмжээний киноны нээлтийг маргааш хийнэ. “Амьдралын өнгө” кино нь мансууруулах бодис хэрэглэснээр тухайн хүний гэр бүл, үр хүүхдэд ямар хэцүү нөхцөл байдал үүсдэг болохыг харуулдаг аж.

2016 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг гэж тооцоолсон байна. Үүнээс 29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний зөвхөн 1\6 нь эмчилгээнд хамрагддаг.

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл "СЭМҮТ дээр мансууруулах бодистой холбогдсон хүний тоо сүүлийн жилүүдэд өссөөр байна. 2011 онд 11 хүн мансууруулах бодистой холбоотойгоор эмчлүүлж байсан бол 2015 онд 90, 2016 онд 139, 2017 оны байдлаар гэхэд 239 хүн холбоотой болсон байна. Эдгээрээс хөдөлмөрийн насны 18-35 насныхан зонхилдог.

Өсвөр үеийнхний мансууруулах бодис хэрэглэдэг шалтгаан дээр анализ хийхэд “найз нөхдийнхөө дунд байх гээд, тэдэнтэй найз болох гээд” гэх мэт хариултыг ихэвчлэн өгдөг байна.

Дэлхийн улсуудад өсвөр насны хүүхдийн Мансууруулах бодисын хэрэглээг бууруулсан хамгийн гол туршлага бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дотно болох, ярилцдаг байх, чөлөөт цагаа хамт өнгөрөөх гэх мэтээр тэдэнд тавих анхаарал халамжаа сайжруулсан байдаг" гэв.

СЭМҮТ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулга "Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай асуудалд анхаарал хандуулах нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш юм. Энэ нь боловсролын салбартай мөн холбогдох учир 2017 онд БСШУЯ болон ЭМЯ-ны хамтарсан ажлын хэсэг гарч арван жилийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгийн чиглэлээр тусгаж өгсөн.

Мансууруулах бодистой холбоотой асуудлын цаана нь том бизнес байдаг тул уруу татагдах, бусдын нөлөөнд автах, үр дагаврын талаар ойлголтгүйгээс болоод иргэд хорт бодистой холбоотой асуудалд ордог. Хуулийн байгууллагад хэрэг хүлээж байгаа хүмүүс хорих арга хэмжээ авдаг, эрүүгийн гэмт хэрэг болдог гэдгийг ойлгоогүй тохиолдол их байдаг.

Мансууруулах бодисыг амьдралын түвшний хувьд янз бүрийн хүмүүс хэрэглэж байна. Тиймээс мансууруулах бодис хэний ч амьдралыг үгүй хийх боломжтой хэмжээнд хүрсэн".

ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр "2018 оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 84 гэмт хэрэгт, 186 хүн холбогдсон байна. Эдгээрийн 40% нь 18-30 насны хүмүүс, 11% нь 18 нас хүртэлх хүмүүс холбогдсон байдаг. Монгол Улсад хар тамхины чиглэлээр хоёр урсгал байгаа нь хөрш улсууд юм. Тэднээс хар тамхийг зөөвөрлөж зах зээл болгож байна.

Манай улсын хар тамхины зах зээлийн цөм шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал байна. Учир нь гэмт хэрэгт холбогдсон, зөөвөрлөх үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүс нь ихэвчлэн амьдралын түвшин доогуур иргэд, халаасны хулгайч, биеэ үнэлэгч нар байдаг. 2016-2017 оны байдлаар нийтдээ 588 хэрэгт 1,566 хүн холбогдсон. Энэ тоо өссөөр байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ