УДБЭТ “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулна

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.

УДБЭТ нь дэлхийн сонгодог дуурийн эцэг Ж.Пуччинигийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд түүний сор болсон бүтээлүүд болох “Чио Чио Сан”, “Богема” дууриуд болон “Олон улсын дуурийн гала” концертийг энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд толилуулах нь ээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэхүү арга хэмжээндээ БНСУ, ОХУ-ын шилдэг уран бүтээлчдийг урин хамтран ажиллах юм байна.

Сонирхуулахад, “Эрвээхэй хатагтай” дуурийг анх УДБЭТ-ын тайзнаа тоглоход тус бүтээлийн цомнолыг орчуулсан зохиолч, найруулагч, урлаг судлаач МУАЖ Э.Оюуны 100 жилийн ойн хүрээнд Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг тоглох аж.

“Сонгодог дуурийн өдрүүд”-ийн тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучид, БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, сопрано Ким Нам Юүн, сопрано И Ёон Сук, басс баритон Лю Хён Сунг, ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин Ардын жүжигчин Н.Мөнхзул, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид оролцон дэлхийн шилдэг дууриудыг толиулахаар зэхэж байна.

Мөн театрын зүгээс сонгодог урлагийн үнэнч үзэгчдэдээ зориулан цуврал тоглолтынхоо тасалбарт багцын урамшуулал гаргаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ