Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдэв

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал БСШУСЯ-нд өнөөдөр боллоо. Хурлыг БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа удирдан явуулсан байна. Хурлаар БМИҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах, Ажлын албаны бүтэц, орон тоо, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцжээ.
Мөн Өргөдлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны журам болон бүрэлдэхүүнийг батлах, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлагыг шинэчлэх, Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх тухай тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Ийнхүү 2014 оноос хойш зогсоод байсан ажлуудын үр дүнг нэгтгэж, боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдлээ гэдгийг БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал Ж.Ариунболд онцолжээ. Түүний хэлж байгаагаар магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн байна. Өмнө нь байгууллагын магадлан итгэмжлэлийн хуучин журам болон гадны байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байсан бол цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулахаар болжээ. Ингэснээр их, дээд сургуулиудын чанар, цаашлаад нийгэмд сайн боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны эхлэл суурь тавигдлаа гэж үзэж байна.
Цаашид БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн өгсөн үүрэг, даалгаварын хүрээнд тус зөвлөл нь 2020 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоор ажиллаж байгаа юм. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэлийн толгой гурван томоохон байгууллагын жинхэнэ гишүүн болох зорилт тавьжээ. Энэ хүрээнд энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болохоор ажиллаж байгааг албаны эх сурвалж онцоллоо. Ингэснээр их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байна. Сайн хөтөлбөртэй болсноор байгууллагын үйл ажиллагаа сайжирч, боловсролын чанар дээшилнэ гэж үзэж буй.
Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн. Үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Манай улсад давхардсан тоогоор 1500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд тэдгээрийн 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ