Усанд осолдсон охины цогцсыг Яармагийн гүүрний доороос олжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живсэн талаар мэдээлэл өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны 15:33 цагт ХУД-ийн цагдаагийн хэлтэст иржээ.
Нийслэлийн Онцгой Байдлын газрын хэвлэлийн албанаас тодруулахад "Өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны 15:05 цагт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах 105 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гарч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эрэн хайх ажиллагаа оройн 21:42 цаг хүртэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдах хүртэл үргэлжилсэн боловч олоогүй. Өнөө өглөө 06:20 цагт эрэн хайх ажиллагаа эхэлж, 09:32 цагт шинээр баригдаж байгаа Яармагийн гүүрний доороос цогцсыг олсон" гэв.
Харин Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр талийгаач нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живсэн байна. Усанд осолдсон охин 10 настай байжээ.
Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голуудынусны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Он гарсаар зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алджээ. Үүнээс 8 нь хүүхэд, 27 нь насанд хүрэгсэд байна.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ