Түмэн шидтэй ТҮЦ машинаа "хамгаална" шүү!

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор улсын хэмжээнд нийт 110 ширхэг Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг байршуулсан.

ТҮЦ машинаар анх долоон төрийн үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 28 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж,энэ оны хагас жилийн байдлаар иргэд нийт 845,536 удаа үйлчилгээ авсан нь иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ болсныг илтгэж буй юм.

Гэвч саяхнаас “Ирэх 11 дүгээр сараас эхлэн ТҮЦ машиныг ашиглалтаас гаргана” гэх мэдээлэл нийгмийнсүлжээнд тархсан. Угтаа ТҮЦ машинаар иргэд орон сууц захиалах хүсэлт, иргэний үнэмлэх захиалах, өргөдөл гомдол, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа татварын лавлагаа гэх мэт 16 төрлийн үйлчилгээг авч буй.

Төрийн байгууллагын үүд сахиж, хүнд суртлын “гайхамшиг”-ийг амсахгүйгээр шууд хүссэн зүйлсээ авч болдогоороо ТҮЦ машины гавьяа их. Гэтэл энэ буянтай төхөөрөмжийг ажиллуулахаа больчихвол иргэд бухимдах нь мэдээж.

Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах газраас үгүйсгэж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан.

Энэхүү хууль батлагдсанаар суурь бүртгэлийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр олгох, цахим лавлагаа нь цаасан лавлагаатай нэгэн адил хүчинтэй байх, иргэн байгууллага өөрт хамаарах мэдээлэлтэй цахим хэлбэрээр танилцах боломжтой” гэсэн байв.

Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд тухайн иргэнээс шаардагдах лавлагааг авахын тулд зөвхөн хурууны хээг нь уншуулаад болох аж. Ингэснээр ТҮЦ машинаас лавлагаа ав гэж шаардахгүй, иргэдийг нааш цааш нь чирэгдэл болгон явуулахгүйгээр шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа гэх.

Ийнхүү төрийн байгууллагууд тухайн иргэнээс шаардагдах лавлагааг гаргахдаа 'Хур' системийг ашиглах аж. Энэхүү систем нэвтэрснээр хурууны хээгээр бүх бичиг баримтаа авдаг болох гэнэ.

Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 27 байгууллага холбогдож, 49 төрлийн сервисийг төрийн 17 байгууллагад, хувийн хэвшлийн 10 байгууллагад нийт 822,112 удаагийн хандалтаар цахим үйлчилгээг үзүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 77, хөдөө орон нутагт 33 ширхэг ТҮЦ машин хэвийн, тогтвортой ажиллаж байгаа ба ХУР системд үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээний тоо ч мөн нэмэгдэх ажээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ