"Да хүрээг нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй" гэв

БЗД-ийн ИТХ-ын тогтоолоор 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Да хүрээг захыг нүүлгэх асуудлыг шалгажээ. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ажлын хэсэгт Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудаас бүрдсэн 14 хүн багтжээ.

Ажлын хэсгийн гишүүн С.Дэмбэрэл "Да хүрээ зах болон захын ойролцоо худалдаа эрхэлдэг техникийн захуудад үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй автомашин борлуулж байсан, мөн автомашины нэгдүгээр эгнээнд авто машин байршуулсан зэрэг дутагдлууд илэрсэн. Шалгалтын явцад эдгээр дутагдлуудыг бүрэн арилгаж ажилласан.

Баянзүрх дүүргийн 9, 17, 22, 24-р хороодын нутаг дэвсгэр зөвхөн Да хүрээ гэлтгүй тэнд үйл ажиллагаа явуулж байгаа 164 аж ахуйн нэгж байна. Иргэдийн дунд нэг ойлголт байдаг нь Да хүрээ захыг л нүүлгэчих юм бол тэр хавийн асуудал цэгцэрнэ гэж ойлгодог. Гэтэл Да хүрээ зах нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 164 аж ахуйн нэгжийн нэг л юм. Тийм учраас ганцхан Да хүрээг нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй юм. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Одоохондоо Да хүрээ захыг нүүлгэх шаардлагагүй“ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ