Дандаа яригддаг "Да хүрээ" зах нүүхгүй нь

Автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Уг шийдвэрийн дагуу өнгөрсөн онд л багтаан автомашины худалдааны захуудыг нүлгэх ёстой байв. Тодруулбал, “Да хүрээ” болон бусад авто захуудыг 22-ын товчооны цаана барьж байгаа “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэхээр болсон юм. Гэсэн ч энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл биелэлээ олохгүй, автомашины захууд хуучин газраа үйл ажиллагаагаа явуулсаар буй.

Энэхүү захын хувьд анх газрын гэрчилгээгээ авахдаа орон сууцны байр барих зориулалтаар авсан байдаг. Ингэж зориулалтын бусаар техникийн зах ажиллуулсаар олон арван жил болж буй. Гэтэл захыг албадан нүүлгэх шийдвэрийг газар эзэмшигчид олон жил эсэргүүцэж, бизнес эрхлэгчдийг турхирч байгаа нь ердөө л амин хувиа хичээсэн зантай нь шууд холбоотой.

Өчигдөрхөн гэхэд л Да хүрээ захыг нүүлгэх асуудлыг шалгах БЗД-ийн ажлын хэсэг нэгэн "утгагүй" мэдээлэл өгөв. Тэдний хэлснээр "Иргэдийн дунд нэг ойлголт байдаг нь Да хүрээ захыг л нүүлгэчих юм бол тэр хавийн асуудал цэгцэрнэ гэж ойлгодог. Гэтэл Да хүрээ зах нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 164 аж ахуйн нэгжийн нэг л юм. Тийм учраас ганцхан Да хүрээг нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй юм. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Одоохондоо Да хүрээ захыг нүүлгэх шаардлагагүй“ гэв.

Угтаа хотын захиргаанаас авто худалдааны цогцолборт газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Да хүрээд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг аж. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ.

Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм.

Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал. Ер нь л зах гэдэг нэрнээсээ л захад байх зориулалттай худалдааны төвүүдийг хамгийн түрүүнд нүүлгэх нь гэтэл үлгэр л болж үлдэх нь дээ..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ