Амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргав

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Очир төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хурал өчигдөр хаалттай явагдсан.

Ийнхүү Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Жавхлан, Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ