Монголд эмсийн хүрээлэн байгуулах цаг "болсон"

Саяхан 17 настай охид биеэ үнэлж байгаад баригдсан тухай мэдээ цацагдмагц нэгэн сэдэв хүмүүсийн дунд "хүчээ авав". Тодруулбал, тусгай дүрэм журам мөрддөг, албан ёсны хараа хяналттай эмсийн хүрээлэнг Монголд байгуулах санал гаргацгаав.
Эмсийн хүрээлэн байгуулснаар охид бүсгүйчүүд маань Эрээн, Бээжин гээд бусад харийн оронд биеэ үнэлэн, доог тохуу болж байхаар өөрийн орондоо, Монгол эрчүүддээ үйлчилж байсан нь хавьгүй дээр гэлцэж байна. Мөн эрх зүйн орчин бүрдэн, эмнэлгийн хараа хяналттай болоод ирэхээр ДОХ, БЗХӨ гэх мэт халдварт өвчнүүдийн тархалт багасна гэх.
Сүүлийн үед манай улсад тэмбүүгийн өвчлөл асар ихээр нэмэгдэж байгаа тоо баримт байна. Хэдэн сарын өмнө Солонгос улс руу гэрээт ажилчдыг гаргах үеэр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан шинжилгээнээс ийм дүгнэлт хийхэд хүрсэн аж. Хэрэв баталгаатай үнэн бол нийгэмд аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Мөн ахуйн соёлоор арван алхам ухарч, аль амбасын үеийн “улаан тарианы хүүхнүүд” –ийг дурсах цаг ирэх нь.
Гадаадын олон оронд хуулиар хориглоогүй “Улаан дэнлүүний гудамжууд” секстэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Нэгэнт л физиологийн хэрэгцээгээ хорьж чадахгүйгээс хойш баталгаа найдвартай иймэрхүү “Улаанбаатарын улаан дэнлүүний гудамжтай” болвол хэн хэндээ амар л юм.
Үүнтэй зэрэгцэн энэ саналыг эсэргүүцэх хүмүүс ч бас байна. Тэдний бодлоор, амь амьдралаа ч аваад явах чадвар дорой эрчүүд арай хийн олсон таван төгрөгөө эмсийн хүрээлэнд аваачаад хандив өргөчихнө гэх. Гэхдээ энэ бол хувь хүний л асуудал.
Иймд “Биеэ үнэлэх ажлыг мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрч, ажлаа зөвхөн “Эмсийн хүрээлэн”-д хийж байхыг ёсчлон, өөр газар үйлдэж өөрт болон өрөөлд эрсдэл учруулах аваас хатуу шийтгэж байх”-ыг хуульчлан баталж болох юм.
Г.Дарь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ