"Гэндэн, Сүхбаатарын гудамжны замуудыг хэсэгчлэн хаана" гэв

Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийлээ.

Энэ сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцох юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Маргаашнаас эхлэн энэ сарын 6-ныг хүртэл НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Энэхүү бага хуралд50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсээр байна.

Азийн сайд нарын Бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Энэ үеэр маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтаас шалтгаалж АСЕМ-тай дүйцэхүйц замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсон. Одоогоор 40 гаруй орны зочид, төлөөлөгчид ирсэн байгаа. Цагдаагийн байгууллагаас иргэдийг аль болох удаан хугацаагаар зогсоохгүй байх арга хэмжээ авна. Тиймээс иргэд бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ 3-4 хоногийн хугацаанд иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь энэ өдрүүдэд замын хөдөлгөөн маш ачаалалтай байх нь тодорхой байна.

Хурлын үеэр үүсэх замын ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албатай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжны замуудыг хэсэгчлэн хаана" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ