Эмчгүй нийгмийг төсөөлөхөд "хүрлээ"

Эмч бол ард түмнийхээ амь насыг хамгаална хэмээн тангараг өргөсөн цагаан нөмрөгтэй авралын элч нар. Гэтэл тэд ажилаа хаявал иргэд бид чинь яах болж байна аа?

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, эмнэлгийн ажилчид өнгөрсөн сард орон даяар хугацаагүй ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдсэн. Ажил хаялтын шалтгаан нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахыг Засгийн газраас шаардаж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган төгрөг байдаг аж.

Үүнтэй холбоотойгоор Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбарын туйлын зорилго бол ажил хаялт биш. Ажил хаяхгүйн төлөө бид зургаан сар гаруйн турш явсан. Заавал ажил хаяуулах гэж байгаа бол харамсалтай байна. Эрүүл мэндийн салбарт хүнд байдал үүссэнийг удаа дараа сануулсан.Төв аймгийн сумын эмнэлэгт эмч, сувилагч нар дутагдалтай. Судас тариаагаа хийж чадахгүй хэмжээнд очсон хүн амь тариа хийж байна.

Цалин бага, ачаалал ихтэйгээс болоод мэрэгжлийн бус хүн эм барьснаас хүний аминд хүрсэн явдал гарсан. Дэндүү увайгүй төр засгаас болоод эмч нар ажил хаяхаас аргагүйд хүрч байна" гэв.

Ажил хаялттай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ ЭМЯ-нд албан ёсоор ирүүлээгүй байна. Энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, ажил хаялт зарлахгүй гэдэгт итгэж байгаа" гэв. Харин иргэдийн зүгээс "Эмч нарын цалинг нэмэх нь зөв. Тэд маш их ачаалалтай ажилладаг ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь ч үнэн. Тиймээс тэдний цалинг улсын төсөвт хүндрэл учруулалгүйгээр, үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Харин эмч нар харилцаа, ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд хүнд сурталтай байдаг нь үнэн. Энэ нь ажлын ачааллаас болдог байж болох ч бид эмнэлгээр үйлчлүүлэх гэж байнга бөхөлздөг" гэж байлаа.

Хэрвээ тэд ажил хаявал олон мянган өвчтөний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орно. Тиймээс Засгийн газар байдлыг хурцатгахаас өмнө эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдынхаа төлөө дорвитой ажил хийх цаг нэгэнт иржээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ