"ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг нутгаа битгий ухаач, уул усаа хайрлаач ээ"

“Загийн гол” хөдөлгөөн, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Ардын заргын товчоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Ардын заргын товчоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатар “Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн “Эх булаг” гэх газарт “Централ Эшиа Манинг” ХХК Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчалт олборлохоор хоёр жил улайран дайрч байна.
Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ашигт малтмал, газрын тосны газар гээд холбогдох бүх шатанд хандсан. Гэтэл алт олборлох гэж буй компани хууль бус үйлдлүүдээ хууль ёсны мэтээр харагдуулах бичиг баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан байна.
Энэ компанийн эзнийг шалгаж үзтэл Монголын тэргүүн баян, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг тус компанийн 99 хувийг нь эзэмшдэг юм байна. Энэ хүний удам судрыг хайгаад үзэхээр Баянхонгор аймгаас гаралтай гэж яригдаад байна.
Тиймээс нутгаа битгий ухаач ээ, уул усаа хайрлаач ээ, өвөг дээдсийнхээ булш, бунхан, хиргэсүүр орсон газрыг тайван орхиоч ээ гэж гуймаар байна. Хэрвээ танд мөнгө хэрэгтэй байгаа бол нутгийн иргэд 100 хонь бэлэглэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Манай төрийн бус байгууллага Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн хүсэлтээр тус суманд очиж ажилласан. Газар дээр нь очиж ажиллахад нутгийн иргэд маш их бухимдалтай, арга мухардвал буу зэвсэг барьж тэмцэх хэмжээнд хүрчихсэн байна. Уул устайгаа үлдэхийн тулд хамаг малаа өгөхөд ч бэлэн байна гэдгээ хэлж байсан. Мөн нутгийн иргэдтэй төрийн байгууллагынхан уулзаж байхтай таарлаа.
Төрийн байгууллагынхан “Централ Эшиа Манинг” компанийн бүх бичиг баримт хууль ёсных, “Алт-2” хөтөлбөрт хамрагдсан гэх ард иргэдийг дарамтлах утга бүхий мэдээлэл хийсэн. Харин алт олборлох гэж буй газар дээр нь очиж үзэхэд мөнх цэвдэгтэй уул, мөсөн голтой, соёлын дурсгалт өвүүдтэй ийм газар байсан юм. Энэ нь “Урт" нэртэй хууль, Усны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн. Гэтэл ийм компанид хууль ёсны зөвшөөрөл олгож байгаагаас төрийн байгууллагууд хэрхэн уул уурхайн компанид худалдагдаж, бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг вэ гэдэг нь харагдаж байгаа юм” гэлээ.
Заг гол нь Өвөр Ямаатын уулаас эх авч, 100 км урсаад, Байдрагийн голтой нийлж, цааш 300 км урсан Бөөнцагаан нуурт цутгадаг аж. Ингэхдээ тус аймгийн хэд хэдэн сумын нутгийг дамжин өнгөрдөг. Хэрвээ тус газарт алт олборловол Заг голоос тэжээгддэг Бөөнцагаан нуур (аймгийн хамгийн том нуур, Монгол орны хамгийн том талбайтай нуурт тооцогддог) ширгэх эрсдэлтэй төдийгүй гол дагуу 5-6 сумын хүн, мал усгүйдэх аюул нүүрлэх аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ