Хүний шүдний тухай сайн мэддэггүй зарим баримт
Хүний шүд бол бусдад төрдөг анхны сэтгэгдэлд маш их нөлөөлдөг. Тухайлбал, эрүүл, яралзсан цагаан шүдтэй хүн анхны харцаар л сэтгэл татдаг. Насанд хүрсэн хүн 28-аас 33 хүртэл тооны шүдтэй байдаг. Энэ ялгаа нь бүх хүнд агт араа ургадаггүйтай холбоотой гэнэ.

Гоо зүйн асуудлаас гадна шүд нь хоол боловсруулахад их үүрэгтэй юм. Шүдийг арчилж, тогтмол цэвэрлэж, угаах шаардлагатайг хүн бүр мэднэ.
Хүн бүрийн сүүн шүд унадаггүй

Олонхи хүүхэд гурван ой хүрэх үедээ 20 (сүүн) шүдтэй болж, эдгээр нь сүүлдээ суларч унадаг. Эдгээр шүдний оронд байнгын шүд ургаж, насан туршид байдаг. Энэ үйл явц 5-6 наснаас эхлэж, 11-14 насанд бүрэн дуусдаг. Гэвч насан туршдаа сүүн шүдтэйгээ байдаг хүмүүс тааралддаг. Энэ нь удамшлаас үүдэлтэй байдаг аж.
Шүд гүн хорхойтох нь шүдгүй боллоо гэсэн үг биш

Өнөө үед их хорхойтсон шүдийг бараг юу ч үлдээгүй байсан ч орчин үеийн стоматологийн аргаар эмчилж болно. Энэ тохиолдолд шүдэнд металл-керамикбүрээс суулгадаг бөгөөд ийм бүрээс нь бат бөх, гоо сайхан талаасаа маш сайхан харагдуулдаг аж.
“Илүү” шүд

Хүний аманд байх ёстойгоос илүү шүд ургадаг үзэгдлийг “гипердонти” гэдэг. Ийм хүмүүс ойролцоогоор 2 хувь байдаг аж. Эдгээр илүү шүд нь буйлны дотор талд нуугдмал байх нь олонтаа бөгөөд хүнд шүдний эмчийн тусламж шаардагдах байдлаар ургах нь бий. Юу гэвэл “илүү” шүд нь жинхэнэ шүдийг түрж эхлэдэг учир өвдөлт үүсгэдэг байна.
Нас явсан хүнд ч анхны шүд унаж, оронд нь шинэ шүд урган, шүд зүй ёсоор солигддог явдал маш цөөн ч яалт ч үгүй байдаг аж.
Шүдтэй хавдар

Өндгөвч болон ууц-ахар сүүлний хэсгийг гэмтээдэг бэлгийн эсийн хавдрыг “тератома” гэдэг. Заримдаа энэ хавдрын зөөлөн эд шүд үс, гар, хөл зэрэг хүний биеийн бусад эрхтэнд ургаж эхлэдэг байна. Энэ хавдар нь ихэвчлэн хоргүй байдаг бөгөөд мэс заслын аргаар авч болдог аж.
Шүдээрээ харах

2000 онд эмч нар өөрийнх нь шүдийг ашиглан, АНУ-ын нэг эмэгтэйг дахин хараатай болгожээ. Стивен-Жонсоны өвчнөөс үүдэлтэй нүдний гадаргуугийн эсийн гэмтлээс болоод тэрээр огт хараагүй болсон байна. Ингээд түүний соёог нь авч, линз суулгажээ. Дараа нь шинэчлэгдсэн соёог эмчлүүлэгчийн зүүн нүдэнд суулгасан байна. Ийнхүү нэг хоногийн дараа эмэгтэй дахин хардаг болжээ.
Агт араа яваандаа огт алга болно

Урьд нь самар, үндэс гэх мэт хатуу ургамлыг нухаж зажилахад энэ шүд хэрэгтэй байжээ. Өнөөгийн хүмүүс энэ шүдээ бараг хэрэглэхгүй болжээ. Үүгээр ч барахгүй хүмүүсийн ойролцоогоор 35%-д нь агт араа ургадаггүй байна. Харин зарим тохиолдолд эмч нар агт арааг авахуулахыг зөвлөдөг. Ийнхүү хэтдээ хүмүүс мухар олгой, хөлний чигчий хуруу болон агт араагүй болно гэж олон эрдэмтэн үздэг байна.
Үзэм үү, шоколад уу?

Аливаа чихэрлэг бүтээгдэхүүн шүдэнд хортой ч тэр бүр адилхан биш гэнэ. Тухайлбал, өчүүхэн жижиг хэсгүүд нь шүдний завсар үлдэж тэндээ хэсэг хугацаанд байдаг бүтээгдэхүүнүүд шүдэнд илүү хор хүргэдэг байна. Үүнд талх, чипс, хатаасан жимс хамаарна. Харин шоколад юм уу мөсөн чихэр мэтийн түргэн зуур уусдаг амттан шүдэнд хавьгүй бага хор учруулдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ