Орон сууцны нэгдүгээр давхрын хоолны газруудыг "хаана"

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс ирж буй гомдлын дийлэнхийг хоолны газрын хиншүү гэрт орж ирж байна гэх мэдээлэл эзэлдэг аж.
Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хурлын үеэр онцолж байв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаруй байна. Хоолны газар нийслэлд дутаагүй.
Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүл. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүгдийг нь зогсоо. Хэрэв үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өөрсдөө өгнө биз. Зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлагын асуудал яригдах байх. Өгсөн шаардлагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээ.
Нийтийн хоолны салбарынхныг олон жил сануулж, албан шаардлага хүргүүлж, аргадаж явлаа. Одоо боллоо. Ийм зарчмаар явахгүй. Хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсоо. Хүний амь нас, эрүүл мэндийн баталгааг хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажилла, чадахгүй нь болих хэрэгтэй” гэлээ.
Мөн Япон, Солонгос, Хятад хоолны газруудад хоолны стандарт гэж байхгүй байгаа мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг анхаарал хандуулахыг хурлаар сануулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ