"Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсон"

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болж, унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болсон талаар мэдээлэв.

Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер н.Мөнхтулга тодотго..

“Нөхөн төлбөрийн мөнгө таван сая төгрөг байх үед хүүхэд мориноос унаж, бэртээд 1-15 хоног эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр авдаг байсан бол одоо долоо хоног эмчилгээ хийлгэхэд даатгалаас нэг сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа” хэмээн тэрбээр танилцууллаа. Мөн “Номин”, “МИГ даатгал” гэсэн хоёр компани тээвэрлэх үйлчилгээний зардлыг гаргахаар болжээ. Тухайлбал, холын аймгуудад болдог хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртсэн тохиолдолд эмнэлэгт хүргэх машин болон нисдэг тэрэгний түрээсийн зардлын 10 хүртэл сая төгрөгийг дээрх хоёр даатгалын компани гаргах аж.

ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "2017 онд даатгалд 18230 хүүхэд хамрагдаж, 2,225,700 төгрөг хуримтлагдсанаас 1,219,000 төгрөгийг нөхөн олговорт өгчээ. Харин даатгалд нийт хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн 30 хүрэхгүй хувь нь хамрагдсан байна.

Өнгөрсөн жилийн байдлаар хурдан морины 394 уралдаан болж, давхцаагүй тоогоор 10,340 хүүхэд хурдан морь унажээ. Тэдний 629 нь мориноос унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авсан бол гурван хүүхэд амиа алдсан. Морь унаж буй хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэх болсон" гэв.

ММСЗУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан "Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүднээс тус газар Монголын морин спорт залуу уяачдын холбоо (ММСЗУХ)-той хамтран ажиллахаар болсон. Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн ашиглаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол их тул стандартын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсон. Ингэснээр 110-180 мянган төгрөгөөр худалдаалагддаг уг хувцсыг иж бүрнээр нь 20 мянга, өвдгөвч, тохойвч, хантаазыг 10 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой юм" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ