Х.Баянмөнх: Бөхчүүд маань эв найртай сайхан наадаарай

Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх баяр наадам болон бөхчүүдэд хандаж уриалга гаргаснаа өнөөдөр танилцуулав.Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа сайхан барилдахыг уриалсан байна.
Х.Баянмөнх аварга “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриалжээ. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд сануулав.
Түүний ил захидал уриалгад “Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт, үзэл бодлын зөрчилдөөн та биднийг тойрсонгүй.
Гэхдээ хэний ч үзэл баримтлалыг үл ойшоон монгол хүний нинжин сэтгэл, хүнлэг ёс, гүндүүгүй сайхан ноён нуруу, ёс суртахуун, эр зориг, золбоо хийморь, хоёр нүүргүй шударга үйлс, алдар гавьяа, өнгө зүс, нэр төрийг тээж явдаг заяагдмал үүргээ нэр төртэй биелүүлж, зөвхөн зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдааны дүрмээ ямар ч зөрчилгүй биелүүлж эр бяраа гайхуулж ов мэх давамгайлсан зориг төгөлдөр сайхан барилдаанаараа наадамчин олноо баясуулан цэнгүүлэхийг цагийн байдал та бүхнээс шаардаж байна.
Монгол орон даяар 330 орчим сум 21 аймаг хотууд, Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдах 512 бөх нийт 25 мянга орчим бөх бурхнаас заяасан үүргээ сайтар ойлгож, гол хүч болж хамтран зүтгэж, хамаг Монгол улс хаан төрөө байгуулж явснаа дээдэлж, өөрсдийн эрх ашгаа умартан тэвчиж, төр ард түмний бат нэгдэл болсон баяр наадамдаа гялалзтал сайхан барилдахыг сануулж, уриалга гаргаж байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ