Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хэзээ хаах вэ?

Нийтийн зориулалттай орон сууцанд амьдардаг иргэд гэртээ аюулгүй, амар тайван амьдрах арга алга хэмээн гомдоллох болсоор 30 гаруй жил болж байна. Тухайлбал, 1990-ээд онд зарим нэг овжин нөхдүүд орон сууцны нэг давхрын зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж эхэлсэн.
Гэвч энэхүү овжин арга эдүгээ нийслэлчүүдийн аюулгүй, амар тайван амьдрахад хүндрэл учруулаад зогсохгүй явган хүний замаас хумсалсаар мөд авто зам руу орох дөхөж. Ийн орон сууцны зориулалтыг өөрчилж, өргөтгөх нь нийслэлийн өнгө үзэмжийг дарахаас гадна даацын хананд нь гар хүрсэнээс эдгээр барилгууд гамшгийн үед хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон нь иргэдэд айдас төрүүлдэг.
Нийслэлийн хэмжээнд одоогоор нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж. Эдгээр цай, хоолны газруудтай холбоотой гомдол, санал мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс маш их ирдэг гэх. Тиймээс даргын зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудыг хаах санал гаргасан юм.
Энэ талаар НМХГ-ын дарга Л. Эрдэнэчулуун “Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдана. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Дахиж сануулахгүй. Үйл ажиллагааг нь зогсооно” гэж мэдэгдсэн юм.
Угтаа нийслэлийн Засаг даргын 1997 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр захирамжаар “Орон сууцны барилга байгууламжийн хийц зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход мөрдөх журам баталж байжээ. Уг журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвшөөрөл олгодог байна. Гэтэл уг дүрмийг мөрдөж ажилладаг газрууд тун цөөхөн аж.
Уг нь аливаа үйлчилгээ иргэдэд ойр байх учиртай төдийгүй иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл нэг давхарт байрлах үйлчилгээний газруудаас болж одоо оршин суугчид байнгын дарамттай амьдарч байна.
Ямартай ч эдгээр газруудыг хаах мэдэгдэл биелэлээ олвол орон сууцны зориулалтыг өөрчлөн явуулж буй худалдаа, үйлчилгээ цэгцэрнэ хэмээн олон иргэд үзэж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ