Усанд осолдох эрсдэл нэмэгдэх хандлагатай байна
Долоодугаар сарын 6-наас 13-ныг хүртэл ихэнх нутгуудаар усархаг бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед аадар бороо орох магадлалтайг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд бага насны хүүхдийг гол эрэг дагуу тоглуулахгүй байх, хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлыг ерөнхий газраас анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор өнгөрсөн сарын 10-ны өдрөөс эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.НОБГ-ын мэдээлж байгаагаар усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. Тиймээс арга хэмжээний хүрээнд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байгаа аж.
Т.Номун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ