Хур буусан Монгол наадам

        Нар аргадаж, хураар тэтгэгдсэн наадмын өглөө наадамчин түмэн монгол үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээрээ шандаст хүлгүүд нь эгнэн зэрэгцэж, мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, эрэлхэг хүчит бөхчүүд нь наадмын талбайгаа чимсэн эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ.

“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл буй.

Дэлгэр олноороо дэнж хотойтол баярлах дэлхийд ганцхан монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчин түмний хэв шинжийг хадгалан үлдсэн цорын ганц бахархал, дэлхийг байлдан дагуулсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл тэмүүллээрээ ирдэг болов уу.

Нүүдэлчин Монголчуудын анхны наадам Хүннүгийн үеэс үүсэлтэй гэдгийг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа дэлгэгдэн үлдсэн. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

Эрийн гурван наадмын үеэр эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог ёс тогтсон.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй болно. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн есөн хөлт цагаан тугаа Төв цэнгэлдэхэд цэнгүүлэн залах ёслолыг наадамчин олон сэтгэл догдлон хүлээн сууна.

Миний Монголын наадам нарыг аргадаж, ннадамчин олны сэтгэлийг баясган, Төрийн дууллаа талбайдаа эгшиглүүлсэн, дуу хууртайгаар түмэн дэлгэр өрнөх болно.

Их Эзэн Чингис хааны үеэс эрийн гурван наадмаа тэмдэглэж, хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, шандаст хурдан хүлэг нь хурд хүчээ үздэг байсан өвөг дээдсийн үрс билээ бид.

Дэлхийд ганцхан наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.


                                                                                                                                                                                                     Т.Номун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ