Өлгий суманд 530 айл гамшигт нэрвэгдээд байна

Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур орчин шинжилгээний газартай хамтран үер усны гамшгийн улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

-НИЙТ 185 ӨРХИЙН 668 ИРГЭНИЙГ НАЙМАН БАЙРЛАЛД ТҮР ХОРГОДОХ БАЙРААР ХАНГАЖЭЭ-

Хэвлэлийн хурлын эхэнд ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, /ШТАБ-ын дарга/ Бригадын генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр, долдугаар сар гарсаар, ихэнх нутгаар түр зуурын, дуу цахилгаантай усархаг аадар бороо орж байна. Дуу цахилгаантай аадар бороо их хэмжээгээр орсны улмаас аймаг, сум, нийслэлд хүндрэлтэй байдал үүсээд байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр байшин, хашаа, хороо нь усанд автсан. Үүний 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байраар хангаад байна.

Мөн 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.0 км далан босгон, 300 м шуудуу татан, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагаа зохион байгуулж, 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн. Мөн өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас тус дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар их хэмжээний усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ тасарч, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна” гэж тодотголоо.

-УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМУУДЫН ДАЛАН УСАНД УРСАЖ, ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМД ЦӨМРӨЛТ ҮҮСЧЭЭ-

Сүхбаатар аймагт энэ сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд нэг гэр, Түвшинширээ суманд зургаан гэр, хоёр автомашин үерийн усанд урссан байна. Мөн Мөнх хаан сумаас 44 км, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай авто замын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүсчээ.

Төв аймгийн Борнуур энэ сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж, нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуй нэгж байгууллага усанд автсан байна. Мөн 15 бог мал хорогдож, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай “Шавартайн гүүр”-ийн тулгуур баганад суулт үүссэн байна.

Харин  Зуунмод суманд далан, суваг, шуудуу сэтэрч, 28 айл өрхийн гэр байшин усанд автжээ. Мөн  гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус шуудуу руу унасныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тухайн сумдад үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 албан хаагч ажиллаж байгаа аж.

Улмаар мэргэжлийн хяналтын 23, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол” ХХК-ийн 23 ажилтан, Орон нутгийн 105 иргэн, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, нийт 618 хүн, 107 аж ахуйн нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэсэн мэдээлэл өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ