Үзүүр, түрүү, харцага, начинууд минь анхаараачээ!

Хэд хоногийн турш залхтал орсон борооноор нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутгууд үерт нэрвэгдэн олон мянган иргэд орон гэргүй боллоо. Улсын хэмжээнд үер усны аюулаас үүдсэн хохирлын тоо хэд орчим төгрөг гардгийг мэдэхгүй. Тогтоож ч амжаагүй. Гэвч өнөөдөр манай орны эдийн засгийн хямрал, хэтэвч нимгэн байгаа энэ үед үерийн голомтод өртөөд буй иргэддээ тусламж үзүүлэн хэн хүн гэлтгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэх нь зүйтэй.

Ардчилсан нам Баян-Өлгий аймгийн үерт өртсөн иргэдэд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэн нийт ард түмэндээ хандивын аян өрнүүлэхийг уриалан гаргасан. Түүнчлэн тус аймагт орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлуулж, долоон айлыг нүүлгэн шилжүүлсэн.

ДАШТ-ний ногоон дэвжээнээс эх орондоо очсон хоёр тамирчид болох Францын шигшээ багийн тамирчин Килиан Мбаппе, Хорватын багийн довтлогч Анте Ребич нар шагнагдсан орлогоо амьдардаг тосгоныхоо иргэдэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлажээ. Бид ч энэ үйлийг үргэлжлүүлэн үерийн голомтод өртөөд буй олон мянган иргэддээ гар татахгүй хандивлачихвал болохгүй  юм байхгүй санагдана.

Баяр наадмын дараагаар шагналын хур буулгасан мэт зогсолтгүй бэлэг аван түүчээлсэн хүмүүс бол бөхчүүд билээ.  Өөрөөр хэлбэл манай бөхчүүд олон түмнийхээ буянд дажгүй л явцгаадаг. Ялангуяа улсын цолтой бөхчүүд орлого ихтэй байдаг нь үнэн. Түүгээр ч зогсохгүй бөхийн өргөө гэх “том бялуу”-наас хэн нь ахиу хүртэх вэ гэдгээ үзэлцээд удаж байна.     Дэлхийн алдартай хөлбөмбөгчид шиг бүх орлогоо хандивлахийг үгүйсгэхгүй ч нэг “зоригтой” хөдөлчихвөл болохгүй юм байхгүй. Энүүхэндээ л гэж хэлэхэд манай бөхчүүд хорь хорин сая төгрөг хандивлачихвал хотойхооргүй л улс шүү дээ. Эх орон, улс нийгэмдээ туслахад бөхчүүдийн оролцоо тааруу, өгдөггүй зөвхөн авдаг гэх “муу” нэр зүүдэг ч энэ үед элэг нэгт Монголчууддаа туслах нь хүнлэг энэрэнгүй, хүний ёсны хэрэг болох болов уу.

Нэр цохон дурдахгүй ч, нийтээр нь хамруулахыг зорилоо. Жил жилийн наадамд амжилттай барилддаг бөхчүүд минь ээ нийгэмдээ сайн сайхан, хүнлэг “том үйлс” бүтээцгээе.


Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ