Хүлээлт үүсгэж буй Солонгосын визний хариу

Хамаатан садан ,найз нөхөд гээд эргэн тойронд "Солонгосын визэнд орчихлоо. Хариугаа хүлээгээд сар гаруй болж байна" гэх хүмүүс. Сар гаруй гэдэг маш урт хугацаа. Тэгээд ч аялалын 3 сарын виз хүсэгч манай иргэдийн хувьд бол авсан жаахан амралт, чөлөө нь бараг дуусчихна гэсэн үг л дээ. Сүүлийн хэдэн жил Солонгосыг зорих монголчуудын тоо ихсэж байна. Хоёр улсын хооронд зорчих иргэдийн тоо жилд дунджаар 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 900 орчим иргэн тус улсруу зорчих хүсэлтээ ирүүлдэг гэх судалгаа бий.
Одоогийн байдлаар Солонгос улсад манай улсын нийт хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний иргэд оршин суудаг. Эдгээрийн таван мянга гаруй нь оюутнууд. Түүнчлэн сурахынхаа хажуугаар хөдөлмөрлөх зорилгоор түр хугацаагаар оршин суугаад буцдаг 300 мянга орчим иргэд байдаг.
Үүнээс харахад өдөрт 900 гаруй хүсэлтийг шалган нягтлах нь асуудал болж буй олон сарын хүлээлтийг үүсгэдэг. Мөн иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, тус улсыг зорих сонирхолд “дөрөөлөн” хууль бус үйлдлүүд гардаг нь ачаалал ихтэй энэ үед визний хариуг удаах бас нэг шалтгаан болдог. Энэ бол хуурамч бичиг баримт бүрдүүлэх явдал.
Энэ талаар Монгол улсад суугаа ЭСЯ-с тодруулахад “Бид мэдүүлсэн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгадаг. Хуурамч бичиг баримтаас болж визний олголт яалт ч үгүй удааширдаг. Энэ явдал нь нийгмийн итгэлцлийг алдагдуулсаар байна. Цаашлаад гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг ч бүрдүүлж өгөх аюултай. Бичиг баримтууд асуудалгүй тохиолдолд визний олголт шуурхай хийгдэх боломжтой” гэлээ.
Хашир гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр иргэдийн мэдүүлэг материал дутуу, худал хуурамч зэрэг тохиолдлууд буурахгүй байгаад НД-ын байгууллага болон ЭСЯ хамтран үүн дээр хяналт хийгээд эхэлчихсэн. Арга ч үгүй биз ээ. Мэдүүлэг өгч буй иргэдийн дийлэнх хувь нь хуурамч материал бүрдүүлчихнэ. Тэднийг ялгаж салгах аар саар ажил ихтэй улс. Виз олгох журамд бүх зүйлсийг нь тодорхой заачихсан байхад л хуурамч материал бүрдүүлчхээд бусдын ажилд саад болно. Өөртөө ч мөн адил. Үүнийхээ хажуугаар зуны гурван сардаа амарч аялахаар төлөвлөсөн иргэддээ ч саад учруулна.
Энгийн жишээ дурдахад бага ангийн хүүхдүүд бичгийн шалгалтдаа маш их алддаг. Үүнийг багш засахын тулд чамгүй хугацаа шаарддаг. Үүнтэй агаар нэг. Хэд орчим иргэд мэдүүлгээ хангалтгүй өгнө төдий чинээ мэдүүлгийн хариуд хугацаа шаардагдана гэсэн үг. Гэвч аялал жуулчлалын энэ үед манай гадаад харилцааны нөхөд, Монгол Улсаас Солонгос улсад суугаа ЭСЯ-ыхан олон талын санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Энэ мэтчилэн иргэд нь ч хариуцлагатай, төр засаг нь ч санаачлагатай, бодлоготой байвал визний хариуг илүү богино хугацаанд авах боломжтой санагдана.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ