Автозамуудад үүссэн хохиролын хэмжээ 1.3 тэрбумд хүрчээ

Монгол орны нийт нутаар орсон усархаг борооны улмаас одоогийн байдлаар авто замд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс нийслэлд гурван хэсэгт авто зам усанд автаж, эвдэрсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Монелын зам сүүлийн өдрүүдэд усанд автаж, зам эвдэрсэн аж. Энэ зам эвдэрсэн шалтгаан нь “Агво” компани зөвшөөрөлгүйгээр бохирын шугам барьж, даланг хааснаас үерийн ус зам руу орж цөмрөлт үүсгэжээ. Энэ далан нь 2000 метрийн өргөнтэй Баянзүрх уулаас орж ирэх үерийн усыг аюулгүй болгох зорилготой баригдсан ч бөглөснөөс болж зам гэмтэж, айлуудыг усанд автуулсан юм.

Мөн Баянзүрх дүүргийн Дарь эхийн эцэст байрлах авто зам эвдэрч, хуурчээ. Уг авто зам 2011 онд ашиглалтад орсон. Үерийн далан барих суваг шуудуу дагуу 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Барилга хот байгуулалтын яамнаас үерийн далан барих ажлыг 2018-2019 онд барихаар эхлүүлсэн боловч айлууд газар чөлөөлөхгүй байгаа учраас далангийн ажил гацаж, авто зам төдийгүй айл өрхүүдийн хашаа үерт автжээ.

•Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж зүүн талын далан угаагдсан байсныг засварлаж байна.

•Орбит-Толгойт чиглэлийн уулзвараас Орбит-Баянгол чиглэлийн уулзвар хүртэлх 1.7 км авто замын 480 у/м-т явган хүний замын хашлага суурилуулах, нөхөөс хийгдэж байна.

•Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны явган хүний зам суулт өгсөн. Тиймээс чулуун хучилтын чигжээсийг цементэн багсармалаар сэргээж, хазайсан тэмдгүүдийг тэгшлэх ажил хийгдэж байна.

•Сүхбаатар дүүргийн Оюутны гудамжийн авто замд 20 у/м хоёр суулт, 2 мкв нүхэн эвдрэл үүссэн тул зам засварлаж байна.

-ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ 116 КМ АВТОЗАМ ЭВДЭРЧ, ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА-

Түүнчлэн энэ долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 13 аймгийн 29 байршилд нийт 116 км авто зам эвдэрч, улсад хоёр орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Эвдэрсэн замуудыг АЗЗА компаниуд болон холбогдох албанаас шуурхай ажлын хэсэг ажиллаж, эвдрэл гэмтлийн засахаар газар дээр нь ажиллаж байна. Нийт 14 зам хариуцагч байгууллагын 154 хүн, 62 машин техниктэй ажиллаж байгаа бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамнаас эвдрэл гэмтлийн тоог газар дээр нь тогтоох аж.  Хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж магадгүй байна. Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай аймгуудын зам эвдрэлтэй газруудад Зам тээврийн хөгжлийн сайд ажиллаж байна. Хохирлын хэмжээг аймаг тус бүрээр тогтооно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ