Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү

Нийгэмд айдас төрүүлсэн зэрлэг балмад гэмт хэрэг, хүний санаанд багтамгүй үйлдлүүд хүмүүсийн тархи толгойд боловсроод, гараар нь дамжин биелэлээ олдог болжээ. Хэдхэн хоногийн өмнө буюу баяр наадмын үеэр 30 гаруйхан настай монгол залуус хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ савтай бензин цацаад, гал тавьж шатаасан аймшигтай хэрэг гарсан.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн гэх эмэгтэй энэ талаар телевизээр ярихдаа “Урьд өмнө Монгол Улсад ийм зэрлэг балмад хэрэг гарч байгаагүй юм. Үнэхээр хүнийг ийм хэрцгийгээр галдан шатаах санаа яаж төрдөг байна вэ” хэмээн уулга алдан ярьж байсан юм.Тодруулбал, энэ сарын 13-нд Хэнтий аймгийн баяр наадам болж байх үед нэгэн ноцтой хэрэг гарчээ. Tгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан байна. Одоогоор тухайн иргэд ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд нэг нь 60 хувь, нөгөөх нь 20 хувийн түлэгдэлтэй байгаа аж.
Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь ахыгаа хамгаалах гэж дээрээс нь дарж унах үед дахин бензин цацжээ. Ахынхаа дээрээс дарж унасан дүү нь 60 хувь түлэгдсэн аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдөр баяр наадам болж байсан учраас хохирсон хоёр болон хохироосон 33 настай иргэд гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Гэтэл орон нутагт дахин нэг аймшигт балмад хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн малчин залуус нутаг усанд нь бэлчээр хайн нүүдэллэж ирсэн Дундговь аймгийн хоёр малчин залуугийн төмсгийг засч шийтгэсний улмаас нэг нь нас барсан мэдээлэл байна.
Эл хэрэг юунаас үүдэлтэйг тодруулахад, Дундговийн малчин залуус Өвөрхангайн малчдын малыг хулгайлаад авч явж байсныг мэдсэн малчид малаа авахаар очихдоо малын хулгайчдыг ийн шийтгэж, балмадаар ханджээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Эх Сурвалж: medee.mn
Б.БУРМАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ