110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий Улаанбаатар салбарын 110кВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага долдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагийн орчимд холбогдох байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу Улаанбаатар хотын захирагчийн албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж, 20.00 цагийн орчимд урьдчилсан арга хэмжээ авсан байна.
“Буянт Ухаа” А, Б 110 кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд газар чөлөөлөөгүйгээс шалтгаалж, Туул голын дундах арал дээр байрлуулжээ Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсч, анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж, хазайлт өгч, улмаар унах аюул үүсч болзошгүй байсан аж.
Иймд хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, нэмэлт бүрэлдэхүүнүүдийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ус шингээгч эко уут 300 ширхэг болон 600 шуудай хайрга дайргаар 40 орчим метр урт, 5-6 метр өргөн далан үүсгэж, тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ