Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна

-ДАНШИГ ӨРГӨХ ЁСЛОЛ НЬ ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫГ МОНГОЛ ТҮМНИЙ ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР ЗАЛАХ ҮЕЭС ЭХЛЭЛТЭЙ-
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам 2018” үйл ажиллагаа зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эв нэгдлийн бэлгэдэл, үндэсний уламжлалт шашин соёлын зан заншлыг хадгалсан “Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох юм.
Даншиг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МБШТ-ын Гандантэгчэнлин хийд хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй билээ. Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд 2Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах (1635-1722) үеэс эхлэлтэй наадам юм.
Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад ноёд, энгийн ард олон нийтээр цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашин номын тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж залаад, их баяр наадам хийж байжээ. Энэ үеэс Долоон хошуу даншиг хэмээх нэрийдэл үүссэн бөгөөд хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг байна.
Гандантэгчэнлин хийдийн цамын менежер С.Ишцог “Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн юм. Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурхны дүр, цуран хошин, инээдэмт арш Цагаан өвгөний дүрээс гадна дөрвөн дагшин уулын уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа их онцлогтой.
Цам нь бурхан шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтана. Мөн нууц тарнийн ёс буюу Очирт хөлгөний ёсны анхааран авлагын амирлангуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хургаагч, хатуу үйл хэмээх дөрвөн үйлээс хатуу үйлд багтдаг. Тиймээс цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэлт нугуудын зүрхийг шимшрүүлдэг үйл юм.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Их хүрээ цамыг 1999 онд Д.Данзан, С.Сэрээтэр нарын эрдэмт хуврагуудын удирдлагаар эртний уламжлал ёсны дагуу бүрэн сэргээн гаргаж байсан. Үүнээс хойш олон жил завсардсаны дараа Их хүрээ цамыг “Даншиг наадам-Хүрээ цам”-ын үеэр дахин сэргээж гаргах болсон юм. Энэ жил дөрөв дэх удаагаа наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Мөн Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал 2-ноос 6-ны өдрүүдэд хурна” хэмээн ярилаа.
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмын үеэр мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны тахилга, Хүрээ цамын хуралд оролцож, буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн, үзвэрүүдийг үзэх юм. Мөн Монголын соёлын өвийн ховор нандин үзвэрүүдийг нэг дор үзэх боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ