Хүүхдийн тоглоомын аюулгүй байдал алдагдсан уу?

        Утаа гамшгийн хэмжээнд  хүрч хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ их гарлаа гэх мэдээллүүд хөвөрч эхэлсэн үе саяхан. Энэ хор бол бидний тэр бүр анхаарлаа хандуулаад байдаггүй хүүхдийн тоглоомд хүртэл агуулагдаж байдаг. Тод өнгийн болон, эрээн мяраан, гялтганасан өнгийг гаргахдаа хар тугалга ашигладаг тул энэ төрлийн тоглоом авахдаа хянамгай хандах хэрэгтэй.

Тоглоом хүүхдийг зөвхөн зугаатай байлгах бус оюун ухааныг нь хөгжүүлж,зөв хүмүүжилтэй эрүүл чийрэг байлгахад чухал үүрэгтэй. Гэхдээ энэ бүхэн зөвхөн чанартай тоглоомоо сонгосноор хэрэгжинэ. Харин чанар муутай тоглоом эсрэгээрээ таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг бид мартах ёсгүй. Гаднаас орж ирж буй импортын барааны дийлэнх хувь нь хятадаас орж ирдэг. Олон улсын төвшинд хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том импортлогч БНХАУ байдаг бөгөөд дэлхийн тоглоомын 85 хувь нь тус улсын бүтээгдэхүүн байдаг.

Жилд 600 гаруй тонн хүүхдийн тоглоом орж ирдэг гэж бодоход 90 орчим хувь нь хятад улсынх. Хятадын шошготой бүхэн муу, чанаргүй гэсэн үг биш. Чанартай бүтээгдэхүүн ч тэдэнд бий. Харин тухайн шошгыг давж харах зүйл бол тоглоом дээрх тэмдэглэгээ юм.

 Хүүхдүүдийнхээ тоглоомыг авахдаа юуг анхаардаг вэ гэх асуултад ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонгосон тоглоомыг авдаг. Харин зарим ээж, аавууд “Үнэ дагаад чанар гэдэг учраас үнийг нь асууж байгаад авдаг” гэлээ.

Түүнчлэн химийн найрлага агуулсан тоглоомоос бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэг байдлаар хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг. Түүнээс хоёр дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртдөг хэмээн дурджээ. Хөгжингүй орнуудад тоглоомын импортод онцгой анхаарч лабораторийн үзлэг, шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлохыг зөвшөөрдөг байна. Харин манай улсын хувьд гаалиар оруулдаг тоглоомд химийн бодисыг шалгах төхөөрөмж байхгүй, хуульчилж тогтоосон зүйл ч байдаггүй байна. Харин 2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хуванцар тоглоомын судалгаа хийж, “Тоглоомын аюулгүй байдлын цогц стандарт” баталсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг стандарт хэрхэн хэрэгжиж явдгыг мэдэхгүй.

Тоглоомд хромын агууламж өндөр байвал нөхөн үржихүйн болон мэдрэлийн эдийн хөгжилд, хар тугалгын агууламж байх ёстой хэмжээнээс өндөр байвал хүүхдийн мэдрэлийн тогтолцоог өөрчилдөг. Үнэ хямд, үнэр ихтэй тоглоом аюулын дохио гэж хэлж болно. Тиймээс тоглоомын шошгыг харж, насны онцлогт нь тохируулж авах хэрэгтэй. Манай улсад тоглоомын химийн найрлагыг долоон хоногт лабораторит шалгадаг ч гааль дээр шалгах боломжгүй. Тиймээс эцэг эхчүүдийг тоглоом болон хуванцар угж сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо. Хүүхдээ  хөгжүүлэх эсвэл хохироох нь таны  сонголтоос шалтгаална гэсэн үг юм.


                                                                                                                                                                                                     Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ