Үерийн гамшгаас 80 орчим айлыг хамгаалжээ
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явуулав.
Сүүлийн үед бороо хур элбэгтэй байгаагаас шалтгаалан орон сууцны хорооллын зарим айлын дээврээс ус нэвчсэн тохиолдол гарчээ. Хотын захирагчийн албанаас эдгээр байруудад очиж ажилласан байна. Ус нэвтэрч байгаа гэх эдгээр дээврүүдийн засвар 2016 оноос өмнө хийгдсэн дээврийн ажлууд байна. Иймээс Хотын захирагчийн албанаас холбогдох байгууллагуудад дээврийг засварлах үүрэг чиглэл өгчээ.
Мөн Уртын гол, Яргуйт, Их залуу зэрэг багуудад очиж үерийн ус зайлуулах суваг шуудууг газар дээр нь үзэж танилцсаны үндсэн дээр зарим нэгэн суваг шуудууг сэргээн засварлаж, 400 орчим метр газарт үерийн суваг шинээр татах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр 80 орчим айлыг үерийн усанд автахаас хамгаалж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ