"Гэрэлт гудамж"-ний шинэ төрх олонд таалагдахгүй байна

Залуусын очих дуртай "Гэрэлт гудамж"-ийг "Жоби" худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлага хандиваар нийслэл хоттой зөвшилцөн, зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан нь иргэдэд таалагдахгүй байна.

“Өдрийн цагаар машинтай явахад нүд эрээлжилж, толгой эргэм өнгөөр алаглуулан будсан тул осол гарахгүй гэх баталгаа алга. Авто зогсоолоо шийдэж чадахгүй байж хэрэггүй зүйлд мөнгө зарлаа. Зам будахаас өөр хийх зүйл алга уу” хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.

Тус гудамж 2018 оны тавдугаар сарын 11-ний 20:00 цагт нээлтээ хийж, 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах аж. Энэ хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гаригийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ