Хэт халалт дэлхий дахиныг хамарч байна

Хэт халалт Япон ч гэлтгүй дэлхийн бусад орнуудыг хамраад байна. Өмнөд Солонгост урьд өмнө байгаагүйгээр халсан болсон Нордикийн орнууд болон АНУ-д мөн хэт халалт болж, ган гачиг зэрэг бусад сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Өчигдөр буюу даваа гарагт Өмнөд Солонгосын хойд нутгийн Гёнгсанг мужид агаарын хэм Цельсийн 39.9-д хүрсэн бол Сөүл хотод 35.7 хэм хүрчээ. Харин шөнө агаарын хэм хамгийн багадаа 29.2 хэм байсан нь урьд нь үүссэн их халалтаас давсан үзүүлэлт болж бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ галт тэрэгний зам Цельсийн 60 хэмээс хэтэрсэн байсан тул аюулгүй байдлын үүднээс галт тэрэгний хурдыг 70 км/цаг болгон хязгаарласан гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлэв.

Харин Шведэд өнгөрсөн долоо хоногт агаарын хэм Цельсийн 30-аас давсан байна. Энэ нь тус улсын хувьд долдугаар сарын агаарын дундаж хэмээс 10 хэмээр давсан үзүүлэлт ажээ. Үүний улмаас ган гачиг үүсч, өргөн хүрээг хамарсан ой хээрийн түймэр гарсан байна. Шведийн Засгийн газар үүнтэй холбогдуулан Франц, Герман болон бусад орнуудаас гал сөнөөгчид илгээхийг хүсчээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон өмнөд нутгуудад мөн хэт их халалт болжээ. Долдугаар сарын 8-ны өдөр Калифорниа муж улсын Үхлийн хөндийд Цельсийн 52 хэм хүртэл халсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ