Цэрэг, армийн цолыг “үнэгүйдүүлдгээ” хэзээ болих вэ?

        Улсын их баяр наадмаар амжилт гарган наадамчин олноо цэнгүүлдэг бөхчүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар улсын хүндтэй цол олгодог билээ. Харин Ерөнхийлөгчийн цол дээр ахин цэрэг, цагдаагийн байгууллагад өгдөг мөрдэст тэмдгийг хаа хамаагүй хүнд өгдөг  “гаж” тогтолцоо манайд бүр хэвшчихжээ.

Хууль хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон бий. Тэднийг дотоод, гадаад, улсдаа  ямар нэгэн амжилт гаргахад  цэрэг, цагдаагийн цолоор шагнадаг үзэгдэл олшрон, зарим нь бүр генерал болох нь дөхөж байна.

2015 онд Э.Оюунболд арсланг цагдаагийн ахмад цолоор шагнасанд хэсэгтээ л хүмүүс гайхширсан. Харин өнгөрсөн жил Ц.Содномдоржыг ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Харин энэ жилийн хувьд шинэхэн аварга Н.Батсуурийг ОБЕГ-оос дэд хурандаа цолоор шагначихлаа.

Шагнал авч байгаа бөхчүүдийн ч буруу гэж юу байхав дээ. Тэд өөр цолны төлөө барилдсан ч энэ мэт цол хэргэмээр хучиж хулдсаар хэл амны бай болгочихдог. Гэвч авахгүй гэж зүрхэлж чаддаггүй. Учир нь цол даган авах цалингийн хэмжээ ч нэмэгдчихнэ.

Энэ мэт жишээг дурдсан учир нь цэрэг, цагдаагийн цолыг бөхчүүд, тамирчид цаашлаад дуучдад хүртэл өгдгөө болих ёстой гэж хэлэх гэсэн юм. Бүх насаараа цэргийн анги хэсэж яваа цэргийнхэн энэ мэт нэр цохоод өгчихдөг цолыг зүүдэлж хонодог гэхэд хилсдэхгүй биз. Гунигтай л юм. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй зүтгэдэг. Гэтэл нэг наадамд сайн барилдчихаад, эсвэл гадна дотны том жижиг тэмцээнд дуулж хуурдаж түрүүлчихээд том цолоор шагнагдаад байх шударга үзэгдэл үү? 

Армийнхний хувьд асар их хөлс, хүч, хөдөлмөр шаардан байж авдаг энэхүү цолыг үнэгүйдүүлдэгт тэд бурангуй ханддаг нь үнэн. Гэхдээ ингээд хэлчихвэл хууль хүчний байгуулагад харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн төдий гэх байх. Үнэлэх нь зөв. Гэхдээ цэрэг цагдаагийн цол хүртээхээр том хэмжээний шагнал өгөхөд хэт зохимжгүй санагдана. Тэртээ тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа цаг үргэлж ажиллаад явахгүй нь ойлгомжтой.

Цэргийнхэн гэдэг дэг, ёс журам, сахилга баттай хүмүүс. Тэд амьдралаа тэр чигт нь ажилдаа зориулж, зүтгэж явахад наадамд хэд давчихсан эсвэл тэмцээнд  түрүүлчхээд медаль авсныхаа төлөө ахмад, хурандаа, хошууч цолтой болоод байгаа нь  тэдэнд ямар санагдах вэ? Бодоод үз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн хүндтэй цолыг хаа хамаагүй тараадгаа болих хэрэгтэй. Авах ёстой цолныхоо төлөө зүтгэдэг, ач холбогдол өгч, амь амьдралаа холбосон нэгэнд л өг. Цэрэг арми, цагдаагийн цолыг  "цол дагасан чимэг" болгож үнэгүйдүүлдэг байдлыг засахаар бол яг ийм байдлаар авсан бүх хүний цолыг хураах шийдвэрийг гаргаж байж үнэнд нийцнэ.

 


                                                                                                                                                                                             Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ