Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ

        Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн бүртгэл эхлээд байгаа. Бүртгэл эхэлсэн эхний өдрөөс л эцэг эхчүүд хүүхдээ идэвхтэй бүртгүүлж байгаа аж.  

 Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц ямар байгаа талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулга авлаа. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байна. “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ” гэлээ.

Харин цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх, интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтан Нийслэлийн дүүргүүдэд 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байна.

Түүнчлэн "Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдийг тодорхой түвшинд төрийн бус ашиглагдахгүй сул байгаа орон тоог ашиглан ямар боломж байгаа эсэхийг судалж үзнэ. Түүнээс гадна 2018 оны хувьд хүүхэд харах үйлчилгээ батлагдсан төсвийнхөө хүрээнд тэрхүү төсвөөрөө явах учраас хүүхдийн тоо нэмэгдэхгүй. Эдгээр хүүхдийн тоог нэмэгдүүлэх нь санхүүгийн асуудалтай холбоотой Сангийн яамнаас хамааралтай байгаа. Санхүүжилтээсээ хамаараад энэ удаад хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж хэлэхэд одоогоор хүндрэлтэй байна” гэв.

Хүүхэд харах үйлчилгээнд 2016 онд улсын төсвөөс 3,8 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2017 онд 4,3 тэрбум , 2018 онд 6,5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2018 онд төсөвт тусгагдсан 6,5 тэрбум төгрөгөөс одоогоор 3,3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Он дуустал үлдсэн санхүүжилтээрээ хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлнэ. Үүнд 4952 хүүхэд хамрагдана.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд “Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна” гэж заасан. Нийслэлийн бүх дүүрэг, хороонд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг учраас Хүүхэд харах үйлчилгээний хүртээмж чухал гэдгийг эцэг, эхчүүд ярьж байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ