Сүүлийн үед болж өрнөсөн долоон сайхан үйл явдал

Сүүлийн үед үер усны аюул, гамшиг, сэрэмжлүүлэг, хохирол гэх мэт хүндхэн мэдээнүүдийг уншигчдад цаг тухайд нь хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаа ойрын үед болж өрнөсөн сайхан үйл явдлуудаас хүргэж байна.

            -Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдэж байгаа наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх байт харвааны Дайчин чанар-тэсвэрийн талбар 360 төсөл хэрэгжиж дуусаж байгаа үйл явдлыг нэгэн сайхан үйл явдлаар онцолж байна.  Байт харвааны өвөл, зуны олон улсын стандартад нийцсэн энэхүү талбайг Монголын Байтын холбооны ерөнхийлөгч П.Цагаан, төслийн удирдагч С.Эрдэнэболд нарын санаачлага, удирдлагатайгаар байтын дасгалжуулагч, тамирчид, иргэд олон нийтийн дэмжлэг, хандивт тулгуурлан бүтээн босгож чадсан юм.


Үнэтэй аппарат эвдэрч, улсад их хэмжээний хохирол учраагүй

            -Нийслэлд үргэлжлэн орсон усархаг, аадар борооны улмаас Хавдар судлалын Үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж, багагүй хохирол учирсан. Тус төвийн хонгилд ус нэвчсэнээс болж Австралийн Засгийн газраас 3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны аппарат эвдэрч ашиглах боломжгүй болсон гэх мэдээлэл байсан.

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний аппаратууд лацтайгаа байгаа бөгөөд угсарч эхлэхээр бэлтгэл ажил явагдаж байсан. Энэ бункерийн онцлог нь цацраг идэвхтэй, хүчтэй туяа ялгаруулж, хүний хорт хавдрыг эмчилдэг. Аппарат ажиллаж байх явцад бункерийн өрөө битүү, хаалттай, гадагшаа туяа цацрах нөхцөлгүй байх ёстой. Одоогоор өрөөний хаалгуудыг хараахан хийгээгүй, бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Олон нийтийн сүлжээгээр шуугиад байгаа шиг 400 мянган ам.долларын засвар хийх хохирол гараагүй. Австралийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр авсан долоон сая еврогийн тоног төхөөрөмж суурилагдаагүй байгаа. Туяаны хоёр аппаратыг тусгай зориулалтын нэг нэг өрөөнд суурилуулсан. Харин нэг өрөө хөлийн шагайгаар татах хэмжээний усанд автсан байсан гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолж байсан юм.


Төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувиар өсжээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад амаржсан эх 2743 /7.8 хувь/, төрсөн хүүхэд 2774 /7.8/ хувиар тус тус өсжээ. Энэ оны хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.9 хувь, нас баралт 2.7, ердийн цэвэр өсөлт 9.2 хувьтай байгаа юм.  Харин өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.6 пункт, нас баралт 0.2 пункт , хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунткээр өссөн байна.


Б.Гангаамаа дэлхийн хоёр дах ноён оргил хүрсэн анхны Монгол хүн боллоо

МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Б.Гангаамаа Дэлхийн хоёрдох ноён оргил болох К2 ууланд амжилттай авиралт хийсэн билээ. Тэрбээр К2-ын оргилд долоодугаар сарын 21-ний Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт гарч, ОУ-ын Уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогджээ. 

Манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор К2-ийн оргилд гарсан нь дэлхийн бас нэг дээд амжилт болсон юм. Манай улсаас гадна БНХАУ, Ирланд, Швейцар, Пакистан, Мексик, Япон, Бельги улсын уулчид оргилд гарчээ. Гэвч К2 уулын оргилд хүрээд буух замдаа Япон Улсын уулчин Кожиро Ватанабе халтирч амь насаа алджээ.


Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймагт хүргэгдсээр байна

Улсын комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж эхэлсэн билээ. Түүнчлэн тус аймгийн иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Төрийн болон ОУ-ын байгууллага, иргэдээс хандив ирсээр байгаа юм. Тухайлбал, Дэлхийн зөн, МУЗН, Адра Монгол, Каритас Монголиа олон улсын байгууллагуудаас нийт 277.296.000 төгрөгийг, мөн 100 гаруй иргэдээс нийт 5.148.509 төгрөгийн мөнгөн тусламжийг Баян-Өлгий аймгийн ДТГ-ын хандивын дансанд байршуулжээ. Үүнээс гадна хандивын аян өрнүүлж буй хувь хүн болон бусад аймгуудаас хандивын тусламжалтгүй ирсээр байгаа ажээ.


Улаанбаатар Дархан чиглэлийн замыг энэ жил өргөтгөж эхэлнэ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөлд шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая долларыг 27 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээл олголоо. Зээлийн хэлэлцээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.

Манай улсыг хоёр хөрш оронтой авто замаар холбох “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал есөн цэгт замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах зэрэг олон ажил хийгдэх юм. 


Хотын төвөөс алслагдсан хороо хүүхдийн эмнэлэгтэй болно

НИТХ-ын Төлөөлөгч, МАН-н Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих ажлыг энэ сарын 26-ны өдөр эхлүүлсэн билээ.

БНХАУ-ын Энх тайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна шүд, эрүү, нүүр зэрэг бусад  төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж.

Тус эмнэлэг нь он дуусахаас өмнө ашиглалтад орох бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас Нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна. 


                                                                                                                                                                                                                          Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ