Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумын нутгаар долоодугаар сарын 25-ны орой аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унажээ.
Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг сум цахилгаангүй болсон билээ.
Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт гурван бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 15 ширхэг, 0,4 кВ-ын 30 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана, нэг шугамын төгсгөлийн анкерыг босгож, гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд орууллаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ