Сэтгүүлчдийн эрхэнд халдсан үйлдэлдээ уучлал гуйхыг шаардлаа
-ХОТЫН МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨРӨӨС ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖУУЛАН СЭТГҮҮЛЧЭЭС УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА-
Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, эх сурвалжаа хамгаалах эрх зөрчигдөж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, тэдний эрхэнд халдах хандлага удаа дараа гарч байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс МСНЭ сэтгүүлчдийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад:
- Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулж, зохистой шаардлага тавьсан сэтгүүлчийг эсэргүүцэж, "UBS" телевизийн зураглаачийн биед халдан танхайрч, тухайн газраас хөөн гаргаж, мэргэжлийн үйл ажиллагаанд нь санаатайгаар саад учруулсан. Дараа нь зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдан, ёс зүйгүй мэдээлэл цацсанд МСНЭ харамсаж байна. Энэхүү үйлдэлдээ Т.Гантөмөрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэтгүүлчээс уучлалт гуйхыг шаардаж байна.
- Өнгөрсөн баасан гаригт Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг хулгайлсан гэх үйлдэл гарсан. Тухайн үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж, ажлаа хийснийх нь төлөө “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрсан үйлдэл гаргажээ. Мэдээллийг газар дээрээс нь шуурхай сурвалжлан, олон нийтэд хүргэх албан үүргээ гүйцэтгэж байхад нь сэтгүүлчийн биед халдсан хэрэгт харамсал илэрхийлж, ХЗДХЯ-нд шаардлага хүргүүлж байна.
Шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд МСНЭ нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, дараагийн шат шатны арга хэмжээ авч ажиллах болно. Улмаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, жагсаал цуглаан зохион байгуулах арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Сэтгүүлч Б.Батцэцэгийн биед халдсан хуулийн ажилтны мэдээллийг ХЗДХЯ-наас гаргуулж авах, тухайн ажилтанд хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байгаа болно.
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажилтан Ц.Чулуунцэцэг хэлэхдээ “МСНЭ-ийн дэргэд хуулийн зөвлөх ажиллуулж байна. Өнөөдөр н.Балжмаа, н.Булганцэцэг, н.Майцэцэг зэрэг сэтгүүлчидтэй холбоотой хэрэгт үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Бусад сэтгүүлчид МСНЭ-д хандаж болно.
Зураглаач болон сэтгүүлч Б.Батцэцэгтэй холбоотой асуудлуудаар МСНЭ сэтгүүлчидтэй холбогдон тодруулга авч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудлаар сэтгүүлч Майцэцэг МСНЭ-д хандаж, хууль зүйн зөвлөгөө авч байгаа юм. МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр өчигдөр Хятад улсын сэтгүүлчдийн хамтарсан форумын ажлаар Өмнөговь аймагт ажиллаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ