Жуулчид байна уу? Даншиг хүрээ цам үзүүлэх гэсэн юм

        Манай улсад жилд дунджаар 400-500 мянган жуулчид ирдэг гэх судалгаа бий. Өнгөрсөн жилийн хувьд  390 гаруй мянган жуулчид ирснээс 310 сая ам.долларын орлого оржээ. Харин манайд тэдний нүдийг хужирлан, гар таталгүй зориулах үзвэр үйлчилгээ үзүүлэн, сэтгэл хангалуун буцааж чаддаг уу гэвэл үгүй.

Манай улсад жуулчид ирэхээрээ явдал дундаа ядарчихдаг. Яагаад гэвэл манай Монголд үзүүлэх зүйлс тун ховор шүү дээ. Хэдэн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаа үзүүлнэ. Гэтэл тэдгээр газрууд нь хоорондоо маш хол зайтай. Хэдэн зуун километр явж байж нэг газар очно тэнд нь сонирхол татахаар гойд зүйлгүй. Үүнээс харахад манайхан байгалдаа найдсаар өдийг хүрчихжээ. Харин Улаанбаатар хотод байгалийн, түүхийн гээд өнөө л хэдэн музейнууд бий. Эдгээрээс өөр жуулчдад чиглэгдсэн үзвэр үйлчилгээ, тусгайлан хүргэх зүйл үнэндээ байхгүй.

Харин жуулчдын сонирхлыг татдаг нэг зүйл бол Үндэсний их баяр наадам. Тиймдээ ч ихэнх жуулчдын зорьдог үе нь наадмын өдрүүдэд байдаг.

Өнгөрсөн жил 3.4 тэрбум төгрөгийг жуулчдыг татах ажилд зориулж, эргээд аялал жуулчлалын салбар зардлаасаа 5-6 дахин их орлого олжээ. Харин энэ онд дээрх мөнгөн урсгалыг өсгөх зорилготойгоор Монголын үндэсний түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах хэд хэдэн багц ажлуудыг багтаан эхлүүлчихсэн.

Уг ажилд Э.Бат-Үүл даргын санаачлагчаар уламжлал болгон зохион байгуулдаг “Даншиг наадам, хүрээ цам”-ыг гадаад дотоодын жуулчдад зориулан хэдэн жилийн өмнөөс зохиодог болсон. Тэр ч утгаараа одоог хүртэл наймдугаар сарын эхний долоо хоногын амралтын өдрүүдэд зохиосоор ирсэн. Энэ наадмыг орчин үед сэргээн тэмдэглэснээр жуулчдыг татах, соёлын томоохон наадам болж бүс нутаг, Ази тив, Монгол туургатны хэмжээнд өргөн тэмдэглэдэг баяр болжээ. Харин энэ жилийн хувьд жуулчдыг татах анхны соёл урлагийн  үйлчилгээг эхлүүлэх санаачлага гарч эхэллээ. Тухайлбал, UBS телевизийн бүтээл “Говийн домог” уран сайхны кино жуулчдад зориулан гаргасан анхны дэлгэцийн уран бүтээл байлаа. Нүүдэлчин Монголчуудын өв соёл, зан заншил зэргийг бүрэн утгаар нь харуулсан уг кино нь соёл урлагаар дамжин, жуулчдад хүрэх анхны оролдлого байсан бөгөөд тусгайлан гаргасан үйлчилгээ, тусгай цаг зэргийг багтаажээ.

Дэлхийн бусад орны жишгийг харахад соёлын салбараараа  ирэх жуулчдаа татдаг. Тэр хэмжээгээрээ их хэмжээний орлого олдог. Эдгээрээс харахад манайхны хувьд хуучирсан хэдэн музей, байгалийн тогтоц бүхий уул, хайрхан, найр наадмаас өөр жуулчдыг татах гоц зүйлгүй. Энэ талаар жуулчид ч сэтгэл дундуур буцдаг. Хуучны хэдэн музейгээс гадна ганц нэгхэн санаачлагууд гарч байгаа хэдий ч энтертаймэнт үзвэр бүхий сегментэд чиглэгдсэн соёл урлагын үйлчилгээний цогц үйлчилгээг бий болгох нь жуулчдыг татах хамгийн найдвартай арга болох юм. Одоохондоо бол "Жуулчид байнауу? Э.Бат-Үүлийн даншгийг үзүүлж, Л.Балхжавын киног харуулах гэсэн юм гэдэг шиг л юм болж байна даа.


Т.Намуу


СЭТГЭГДЭЛ БИЧИХ