Удирдлагууд, хуулийн байгууллагын дээд албан тушаалтнууд нь гэмт бүлэглэлийг хаацайлж байна

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг, Цагаан эрэг хэмээх газарт эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж байсан компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг мэргэжлийн байгууллагууд наадмын өмнөхөн гаргажээ.

Тодруулбал, "Өгөөжтэй өв" гэх ХХК Цагаан эрэгийн нөхөн сэргээлтийн ажлыг 2016 оноос хийж эхэлсэн ч бодит үр дүнд хүрэхгүй байсаар гурван жилийн нүүр үзсэн байна. Мэргэжлийн байгууллагууд шалгахад нөхөн сэргээлт хийх нь бүү хэл хууль зөрчин олборлолт явуулж, зохих зөвшөөрөлгүй голын усны гольдрил өөрчилсөн, ашигласан бохир усаа голын ус руу шууд нийлүүлж, гол бохирдуулж байсан нь илэрсэн байх юм.

Тус компани тухайн газарт баяжуулах төхөөрөмж суулгаж, гянт болд олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3, Усны тухай хуулийн 26.1, 30.6 зэрэг заалтыг тус тус зөрчжээ.

Хамгийн ноцтой нь "Өгөөжтэй өв" гэх ХХК бүхэл бүтэн гурван жилийн турш нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолт хийж, гянд болд гадагшаа зөөсөөр байсныг орон нутгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд мэдэж байсан, тэр ч бүү хэл тухайн хууль бус ажиллагаанд оролцсон байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийг АТГ-т шалгаж буй талаар баттай эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, орон нутгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтнууд дээрх хууль бус ажиллагаанд оролцсон нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинжтэй хэрэг тул эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

АТГ-аас гэмт буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа ажээ. Одоо прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм.

Өнөөдрийн байдлаар Цагаан эрэгт ажиллаж байсан "Өгөөжтэй өв" ХХК-ийн ажилчдын байрлаж байсан гэрүүдийг буулгаж нүүлгэх, тус компанид ажиллаж байсан хятад иргэдийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч шалгуулан, нутаг буцаах, "Өгөөжтэй өв" компанийн зүгээс хууль бус олборлолт явуулж олсон их хэмжээний гянт болдыг хурааж ачуулах зэрэг нэгдсэн арга хэмжээ явуулж эхэлжээ.


2
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ