Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа Францын ТЭЗҮ-ээр хийнэ

Ерөнхий сайд Хятадад айлчлах үеэрээ тус улсын Экзим банкны 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих гэрээг байгуулсан билээ. Зундаа өмхий үнэрт дуниартах нь холгүй суудаг Улаанбаатарчуудад үүн шиг сайхан мэдээ үгүй. Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд буй уг ажлыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалсан. Бүр тэрээр хар толгойгоороо хариуцаж байгаа. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцсан. Одоо бодит ажил болгох цаг ирсэн байна. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан та хар толгойгоороо хариуцан ажиллана” хэмээн үүрэгдсэн билээ.
Төв цэвэрлэх байгууламжийг барихад 2-4 жилийн хугацаа шаардагдана гэж Хятадын талаас мэдэгдсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа өмнөх буюу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ашиглах гэнэ. Харин Хятадын тал өөрсдөө шинээр дахин ТЭЗҮ хийх саналтай байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол хотынхны шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болж, өмхий үнэрээсээ сална гэх хүсэл биелэхэд дахин багагүй хугацаа шаардагдах бололтой. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Шинэ Төв цэвэрлэх байгууламж өмнө нь яригдаж байсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ. Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ гэсэн үг. Энэ бол олон улсад алдартай компани. ТЭЗҮ-ийн хувьд дэлхийн стандартын шаардлага хангасан. Одоогоор ажлыг гүйцэтгэх компани шалгаруулж байгаа. Тун удахгүй ямар компани Төв цэвэрлэх байгууламжийг барих нь тодорхой болно. Гүйцэтгэгч компанийг сонгочихвол ажил эхлэхэд бэлэн” гэв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил хугацаандаа хийгдэнэ” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ