Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын даргыг хутгалсан иргэн И-ийн дүү Б.Байгалмаатай ярилцлаа

2018 оны долдугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Хэрэг гардаг өдөр сэжигтэн И нь биедээ ахуйн зориулалтын хутга авч яван, байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг Баянзүрх дүүргийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Иймд түүнийг анхнаасаа “Хүн хутгалах зорилго”-той орж ирсэн гэж тус дүүргийн ажилчид үзэж байгаа ажээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэн И-ийн дүү Б.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гэмт хэргийн холбогдогч И нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Сэтгэц мэдрэлийн өвчтэй болоод 37 жил болж байна. “Шизопрени” гэх өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Тийм болохоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг юм. Уг нь манай ах залуудаа мэдлэг боловсролтой, мундаг хүн байсан. 1974-1980 он хүртэл Нисэхэд холбооны техникч хийж байсан юм. 1980 онд Оросын нисэхийн сургуульд явахаар болсон. Долоон хүүхэд шалгалт өгч тэнцсэний нэг нь манай ах байсан юм билээ. Тэндээ хагас жил сураад буцаж ирснийхээ дараа “Цагаан морьтой хүн намайг хөөгөөд байна” гээд ийш тийшээ гүйгээд байдаг болсон. Тухайн үед л сэтгэц мэдрэлийн өвчтэй болсныг нь мэдсэн юм. Түүнээс хойш Шар хадны эмнэлэгт их ч удаан хэвтүүлсэн. Одоо хөгширсөн болохоор жилдээ ганц, хоёр удаа хэвтүүлээд, хажуудаа байлгадаг. Сүүлийн үед уг нь овоо гайгүй байсан юм. Хэрэг гарахаас гурав хоногийн өмнөөс л их сонин болоод ирсэн.
-Хэрэг гардаг өдөр гэрээсээ хэдэн цагт гарсан юм бэ. Гарахдаа ямар нэгэн юм хэлсэн үү?
-Өглөөний долоон цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. Өдөр болгон л гараад явдаг болохоор нь буцаад ирэх байх гээд тоогоогүй юм. Гэтэл цагдаагийн газраас залгаад, “Танай ах чинь хэрэг хийчихлээ. Та ирж байцаалт өг” л гэсэн. Би яаж яваад тийшээ ороод ийм хэрэг хийснийг нь үнэхээр мэдэхгүй байна. Манай ах духан дээрээ “Би Монгол хүн”, “Трамп мандтугай” гэх мэт элдэв янзын юм бичээд явдаг. Эсвэл Чингис хааны зургийг малгайдаа хадчихдаг юм. Гэтэл малгай, толгойн дээрээ юм наачихсан, харах царайны л өвчтэй байгаа юм. Уг нь тэр газарт харуул хамгаалалт гэж баймаар юм. Тэр хүнд дотогш нэвтрэх ямар нэгэн биеийн байцаалт гэж байгаагүй. Хэд хоногийн өмнө иргэний үнэмлэхээ надаас нэхээд авах нь авсан юм. Гэхдээ яг хэрэг гардаг өглөө хувцасныхаа карманд үлдээгээд явсан байна лээ.
-Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт удаа дараа очиж холбогдох мэргэжилтэн, алба, хэлтэс хариуцсан дарга нартай уулзахыг завддаг байсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл байна уу?
-Уг нь манай ах албан газруудаар яваад байдаггүй юм. Тэр өдөр яагаад тийшээ очсоныг би бас гайхаад л байна. Ихэвчлэн Гандан, Бөхийн өргөө, Нисэх гэх газруудаар явдаг юм. Нисэх рүү бол хааяа л нэг явдаг. Нисэхэд ажиллаж байсан болохоороо тийшээ очдог юм. Гэхдээ хамгийн их очдог газар нь Гандан. Учир нь ахыг залуу байхад манайх Гандангийн тэр хавьд амьдардаг байсан юм. Тэнд найз нөхөд ч байдаг байсан. Одоо найзууд нь нас барсан л даа. Алга болоод араас нь хайхаар Гандан дээр явж байдаг юм. Өдөр болгон очно. Хэдийгээр ухаан санаа нь балартсан ч гэсэн эрхи эргүүлэх, номын дуу сонсох их дуртай.
-Цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би тагнуулч хүн учир хутга авч явдаг” гэсэн байна лээ. Тэр өдөр хутга хаанаас авсан байдаг юм бол?
-Гэрээсээ хутга аваад явсан байна лээ. Үүнийг нь би мэдээгүй. Хэрэг гарсны дараа гэрт байгаа хутгаа шалгаад үзсэн ногоон иштэй жижиг хутга байхгүй байсан. Өмнө нь бас нэг удаа хутга аваад гарах гэж байхад нь хараад хурааж авсан юм. Түүнээс хойш хутга шөвөг, хурц үзүүртэй зүйлээ нуудаг болсон. Сүүлийн үед гайгүй байхаар нь нуухаа мартчихсан байна лээ. Өвчтэй хүнтэй өдөр болгон цуг байхаар барьсан тавьснаа ч бараг мартчих юм байна шүү дээ.
-Өглөө гарч яваад хэдэн цагийн үед гэртээ орж ирдэг вэ?
-Ажилтай хүн шиг өглөө их эрт босно. Үүрийн дөрөв, таван цагт босоод тогоо шанага түжигнүүлээд яваад байдаг юм. Өвчтэй хүн чинь идсэн ч цадахаа мэдэхгүй шүү дээ. Тэгж байгаад л гэнэт гараад явчихна. Өдөр 12 өнгөрөөд ч юм уу, цайны цагийн үеэр гэртээ орж ирнэ. Тэгээд шууд өрөө рүүгээ ороод, юмаа бичээд суучихдаг юм. Том цаасан дээр юм бичээд, тэрийгээ бариад гадуур явна. Аваад шатаачихаар дахиад л биччихнэ. Заримдаа хоолоо идээд сууж байснаа “Яаралтай ажил гарлаа” гээд гараад явна. Орой долоо, найман цагийн үед гэртээ ирнэ. Хаагуур яваад ирэв гэхээр “Тагнуулын ажлаа хийгээд ирлээ” л гэдэг юм. Өөрийгөө их мундаг тагнуулч гэж боддог юм шиг байна лээ. Хааяа “Манай охиныг хүн алах гээд байна. Би хамгаалалтандаа авахгүй бол болохгүй” гэж ярина. Эхнэр, хүүхдээсээ их эрт салсан. Охин нь дөнгөж хоёр настай л байсан байх. Үүнээс хойш ямар ч холбоогүй бариагүй. Хаана яаж явдаг юм, бүү мэд.
-Та хэзээнээс ахыгаа өөр дээрээ авсан бэ?
-2003 онд ээж маань нас бараад тэр цагаас хойш би ахыгаа өөр дээрээ авсан. Хоёр хүүхэдтэйгээ, ахтайгаа дөрвүүлээ амьдардаг. Цуг амьдарч байгаа хүнд бол их хэцүү. Шөнө гэнэт сэрээд ханатай ярина, орилж, чарлана, элдвээр харааж зүхнэ, толгойдоо түмпэн сав углаж хэвтэнэ. “Яаж байгаа юм бэ” гэхээр миний тархийг хүн удирдаад байна гэж хэлдэг. Хамгийн их ярьдаг зүйл нь Оросын долоо. “Оросын долоо та нарыг ал гээд байна. Чамайг ал гэж надад тушаасан” гэх мэт есөн шийдийн юм ярина. Оросын долоо гээд байгаа нь ямар ч учиртай юм, бүү мэд. Миний ойлгож байгаагаар ухаан санааг нь цаанаас нь нэг юм ажиллуулаад байдаг юм шиг байна лээ.
-Таниас өөр харах хүн байхгүй гэсэн үг үү?
-Бид уг нь эхээс зургуулаа. Гэхдээ өнөө хэдийг маань бас загнаж зандраад хамт байдаггүй юм. Тэгээд яалт ч үгүй над дээр байх болсон. Би байнга хараад гэртээ суугаад байж чадахгүй. Гадуур дотуур хөөцөлдөх ажил гараад явна. Яваад ирэх хойгуур гал түймэр тавих нь холгүй л сууж байдаг юм. Халуун тогоо, ус буцалгагч, будаа агшаагч, плиткаг залгаад орхичихно. Нөгөөх нь ирэхэд хар нүүрс болчихсон л байдаг юм. Ахаасаа болоод их юм үзэж байна. Тэглээ гээд би ямар төрсөн ахыгаа гудамжинд гаргаад хаялтай биш дээ. Муу ч сайн ч, мэдрэл муутай ч зулайг минь гишгэж төрсөн ах шүү дээ. Аргадаж нэг үзнэ, аашилж загнаж үзнэ.
Эх сурвалж: medee.mn
Б.АЛТАНБАГАНА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ