7 хоногт болж өрнөсөн "сайхан" үйл явдлууд

Өнгөрсөн долоон хоног сайхан үйл явдлуудаар дүүрэн байлаа. Нэгэн жарны мөрөөдлийг биелүүлж, нэгэн зууны их түүхийг эхлүүлсэн үйл явдал бол Байт харвааны 360 төсөл юм. Монголчууд маань эвлэрэн нэгдсэний үндсэн дээр төрөөс хөрөнгө мөнгө авалгүйгээр, богино хугацаанд, бага төсвөөр хэрхэн том бүтээн байгуулалт хийж болохыг нотолж чадсан түүхэн үйл явцыг bataar.mn эхний сайхан мэдээгээр онцолж байна.
Байтынхан нэгэн жарны мөрөөдлөө биелүүлж, түүх бүтээж чадлаа
Байт харваа Монголд хөгжөөд 58 жил болж байгаа ч энэ хугацаанд нэг ч зориулалтын талбайгүй байсаар өнөөдөртэй золгоод байсан юм. Харин Монголын байт харвааны холбоо болон байт харвааны тамирчдын санаачлага, олон нийтийн сэтгэлийн хандиваар 58-хан хоногт байтынхан олон улсын стандартын цоо шинэхэн талбайтай болж чадлаа.
Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, НИТХ-ын дарга С.Амарсайхан, байт харвааны үе үеийн тамирчид, дасгалжуулагч, тэдний ар гэрийнхэн, хандивлагчид хүрэлцэн ирсэн юм.
Нээлтийн ажиллагааг энэхүү түүхэн төслийн санаачлагч, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан нээж үг хэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ:
-"Өнөөдөр хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл-Олимпийн наадмын нэгэн төрөл болсон, Монголын анхны Дэлхийн аваргыг төрүүлсэн Байт харвааны спортод хайртай, байнга дэмжиж тусалж ирсэн хүн бүхний баярын өдөр болж байна. Учир нь Та бид хамтдаа 58 жил хүлээсэн байнгын бэлтгэл сургуулилт хийх, олон улсын стандартад нийцсэн талбайг 58 хоногт багтаан бүтээн босгож чадлаа. Байт харвааны тамирчид, дасгалжуулагчид, тэдний гэр бүлийнхэн, уг спортыг сонирхогч, дэмжигчдийн хандив, халуун сэтгэл, гар бие оролцоогоор энэ бүхнийг бүтээн байгууллаа" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын байт харвааны холбооныхонд баяр хүргэж, тамирчид дасгалжуулагчдад амжилт хүсээд, хүүхэд залууст хэрэгтэй талбай байгуулсанд талархал илэрхийллээ.
Энэхүү нэгэн жарны мөрөөдлийг биелүүлж чадсан түүхэн төслийн удирдагч С.Эрдэнэболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:
-"360" байт харваан талбайн төсөл дээр 1470 орчим хүн ямар нэг байдлаар өөрсдийн сэтгэлийн хандиваа төрөл бүрийн хэлбэрээр өгсөн. Ингэснээр 58 хоногийн дотор 452 сая төгрөгийг олон түмнийхээ дэмжлэгээр босгосон. Мөн нэг онцлог нь тамирчид өөрсдөө бүх байгууламжаа зах зээлийн ханшнаас 40 хувь хямд үнээр барьсан. Хоёдугаарт, энэ төсөл дандаа шилэн дансны аргыг ашигласан. Хандив өргөж байгаа хүмүүсийн мэдээллийг тэр дор нь мэдээлж байсан. Гуравдугаарт, идэвхжүүлэлтийн аргыг хэрэглэсэн. Хандивын аянаа зогсоочихсон байхад хүртэл хүмүүс маш их хандив өгье гэж байх жишээтэй гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр олимпийн цагирагийг босгосон байна. Энэ нь Монголын байтаас дахин олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ