Түрээсийн дугуйг буруу гартнуудын өгөөш болгомооргүй байна

Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд болоод авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн зорилтот үйлчилгээ бол Ubike дугуй түрээсийн үйлчилгээ юм. Өнгөрсөн сарын 9-өөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн энэ ажил нь замын түгжрэлийг бууруулах, иргэдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна давхар эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор нэвтрүүлсэн үйлчилгээ. Гэвч иргэдийн буруу хандалт, хэрэглээнээс болоод дугуйг хулгайлах, тонох, санаатайгаар эвдэх гээд “өтчихсөн” гартай хэсэг бүлэг хүмүүсийн хувьд харин ч нэг сайхан өгөөш нь болчихлоо.
Тухайлбал, дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлээд ердөө 10 хоногийн дотор дугуйн эд анги буюу хонх, цацруулагч, гинж зэрэг тоноглолууд хулгайлагдсан. Гараар цохисон, онхолдсон эсвэл хүчтэй юманд цохисноос болоод хугарсан. Мөн дугуйн GPS-г санаатайгаар цохиж өөр зүйлд ашигласан, эвдсэн гээд иргэдийн буруутай үйлдлүүдийг дурдаад байвал олон. Гэвч өнөөдөр Ubike үйлчилгээний 28 дугуй ор сураггүй алга болж, зарим нь бүр ашиглагдах боломжгүй болтлоо хэмхэрчээ.
Хөгжилтэй улс орнууд энэ үйлчилгээг хэдийнээ дугуйн соёл болгоод хүлээгээд авчихсан хэрэглээндээ зөв ашиглаад хэвшчихсэн байтал манайд нэвтрээд сар ч хүрэхгүй хугацаанд жинхэнэ “цааш нь харуулна” гэдэг шиг л юм болоодохлоо.
Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл, Зайсангаас хойшоо Их тойруугийн дотор унаж хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн үнэ дээр нэг цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Харин хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас тодорхой хамрах хүрээнээс хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана. Зогсоолоос өөр газар дугуй үлдээвэл 500 төгрөг данснаас тань хасагдана гээд маш тодорхой, хэн ч уншихад ойлгогдохоор түрээсийн дугуйн цэг бүрт бичиж байршуулжээ.
Гэвч үүнийг уншаагүй, эсхүл ойлгоогүй юу зарим иргэд хүссэн газраа орхиод явчихна. Зарим “нөхдүүд” бүр гэртээ унаж хариад, өглөө нь ажилдаа унаж ирэх зэргээр “өөрийн өмч” мэт ашиглах тохиолдол ч гарчээ.
Энэ мэтчилэн миний л юм биш бол бусдын юм хамаагүй гэсэн аминч үзэлтэй манайхан хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн зүйлийг үгүй хийдэг гэдгээ хэзээ ухаарах улс юм бол доо? . Юм хийхгүй байна гэдэг. Хийгээд байгаа зүйлүүдийг нь өөрсдөө “үгүй” хийчхээд байвал яаж хөгжих вэ? Бидэнд л чиглэгдсэн зүйлийг зөв ашиглаад сурчихвал наанадаж бидний эрүүл мэндэд тустай, цаанадаж соёлд суралцах нэг хэлбэр болно гэдгийг иргэд ойлгох ёстой.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ