Онцгой байдлыхан 14 хоногийн хугацаанд 92 хүний амь насыг авран хамгаалав

        Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 92 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага гурав дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй ажээ.

Мөн НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагчид болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүлийг Туул гол дагуу ажиллуулж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх  санамж, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажиллаж буй юм байна.

        Түүнчлэн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 21-р хорооны 1,8 км, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 1,4 км, Чингэлтэй дүүргийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, Хан-Уул дүүргийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгээд байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ