Г.Батгэрэл: Элэгний В, С вирусын үрэвслийн шинжилгээг үнэгүй хийж байна

"Хаппи Веритас" оношлогооны төв нь B, C идэвхжил тоолуулсан иргэдэд, элэгний үрэвслийн маркер, алат, асат шинжилгээг үнэгүй хийж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус төвийн эмч нар мэдээлэл хийлээ.
-ЭНЭ ШИНЖИЛГЭЭ 120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-
"Хаппи Веритас" төвийн эмч П.Батбаяр “Манай төв элэгний С вирусыг төгс эмчлэх аргыг Монголд анх нэвтрүүлсэн. ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн газрын гаргасан судалгаагаар Монгол Улсын хүн амын дунд зүрх судасны өвчлөл 5000 хүнд 15.6 хувь, дараа нь тархины судасны өвчлөл 13.9 хувь байна. Гуравдугаар байрт элэгний хатуурал, элэгний өмөнгөөс болсон нас баралт давамгайлж байгаа юм. Тиймээс элэгний В, С вирустэй иргэдэд үнэ төлбөргүй хоёр шинжилгээ хийхээр болсон” гэлээ.

"Хаппи Веритас" төвийн дэд захирал Г.Батгэрэл “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд компанийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас зарласан үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад удаа дараа тэнцэж, олон иргэнд Эрүүл мэндийн даатгалаар элэгний эмчилгээг хийж, эм үнэгүй олгох болон зарим хөнгөлөлтүүдийг үзүүлж байна.
Эрүүл мэндийн даатгалын газар, Эрүүл мэндийн яаманд очиж шинэ бүтцээр ажиллаж байгаа. Тиймээс иргэдэд мэдэх ёстой нэг зүйл байна. Энэ нь элэгний вирусийн илрүүлэх буюу нэгдүгээр шатлалын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр заавал хийлгэсэн байх ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө бичиг авч үнэгүй шинжилгээнд хамрагдана.
Бичиггүй ирсэн тохиолдолд үнэгүй үйлчилгээ үзүүлэх боломжгүй тул бухимдах, үл ойлголцох асуудал үүсэж байгаа юм. Мөн эргэлзээтэй хариу гарсан тохиолдолд харъяа дүүрэг, аймаг орон нутгийнхаа эмнэлэгт хандаж, идэвхжилт тоолох шинжилгээнд хамрагдана.
В, С вирустэй хүмүүсийн хамгийн гол анхаарах зүйл бол вирусыг идэвхгүй байлгах юм. Ингэхийн тулд өөрийнхөө дархлааг өндөр байлгаж, хоол ундаа зохицуулж, шарсан хуурсан зүйл идэхгүй байх хэрэгтэй. Мөн сахараа хянах хэрэгтэй. В вирустэй хүмүүс Д вирустэй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд элэгний хатууралд хүргэх аюултай. B вирустэй хүмүүс Д вирус байгаа эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй юм" гэлээ.
Элэгний үрэвслийн маркер, алат, асат шинжилгээ болон, шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар "Хаппи Веритас" төвийн Лабораторийн эмч Д.Нямаахүү хэлэхдээ “Элэгний үрэвслийн маркер, алат, асат шинжилгээ өгөхийн тулд юу ч идэж уугаагүй байх шаардлагатай. Буцалсан ус уусан байж болно. Тус шинжилгээг өдрийн 12 цаг хүртэл авдаг. Шинжилгээ өгөхөөс өмнөх архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Согтууруулах ундаа уусан тохиолдолд шинжилгээний хариу эерэг буюу худлаа гарах магадлал өндөр байдаг.
Алатын шинжилгээ нь элэгний эсийн задрал буюу гэмтлийн үед цус руу маш их ялгардаг пирмент юм. Асат нь зүрх булчин, бөөр элэгний эсүүдэд байдаг. Зүрхний дутагдал, булчингийн хэт ачааллын үед үүсдэг. Тиймээс асат, алат хоёуланг нь үзэж байж хоорондын хамаарлаар нь элэгний үрэвсэл байгаа үгүйг шинжилдэг. Эдгээр шинжилгээнүүд хепатит вирусээс шалтгаалсан элэгний үрэвслийн үед хамгийн чухал юм” хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ